ШАСТИРЫН ДЭД 7:12-20

ШАСТИРЫН ДЭД 7:12-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд хандан —Би чиний залбирлыг сонсож, энэ газрыг Өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа. Хэрэв Би бороо оруулахгүйгээр тэнгэрийг хааж, эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушааж, эсвэл Өөрийн ард түмний дунд тахал илгээх үед Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ. Энэ газарт өргөгдөх залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний чих сонор байх болно. Миний нэр тэнд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгоод, ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх сэтгэл тэнд үргэлж байх болно. Хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ явж, Миний чамд тушаасан бүгдийн дагуу үйлдэн, Миний зарлиг, Миний тогтоолыг сахивал, чиний эцэг Давидтай гэрээ байгуулан, “Израильд захирагч байх хүнээр чи дутагдахгүй” гэж айлдсанаараа Би чиний хааны сэнтийг тогтооно. Гэвч чи хэрэв эргэж, чиний өмнө тавьсан Миний зарлиг, Миний тушаалуудыг умартан, явж, өөр бурхдад үйлчилж, тэдэнд мөргөвөл, Би чамд өгсөн Өө-рийн газар нутгаас чамайг зайлуулж, мөн Өөрийн нэр алдрын төлөө ариусгасан энэ өргөөг Би Өөрийн мэлмийнээс зайлуулж, Би үүнийг бүх ард түмнүүдийн дунд сургамж, жишээ болгоно.

ШАСТИРЫН ДЭД 7:12-20 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд —Би чиний залбирлыг сонсож, энэ газрыг Өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа. Хэрэв Би бороо оруулалгүй тэнгэрийг хаах эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушаах эсвэл ард түмнийхээ дунд тахал илгээх үед нэрээр минь дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, нүүрийг минь эрэлхийлж, хорон муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ. Энэ газар дахь залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний сонор соргог байх болно. Нэр минь энд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгон ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх тэнд бүх өдрүүдэд байх болно. Чиний хувьд, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн Миний зарлиг журам, Миний шүүлтүүдийг сахивал, чиний эцэг Давидтай гэрээ байгуулж “Израилийн сэнтийд залрах хүн чамд дутахгүй” гэж айлдсан ёсоороо Би хаан сэнтийг чинь бэхжүүлнэ. Гэвч хэрэв та нар эргэж, өмнө чинь тавьсан Миний тушаал журмуудыг умартан, өөр бурхдад үйлчилж мөргөвөл Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж мөн Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан энэ өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Би үүнийг бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болгоно.