1 ТИМОТ 6:1-21

1 ТИМОТ 6:1-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

Боол мэт буулган дор байгаа бүх хүмүүс өөрсдийн эздээ хүндэлбэл зохистой хэмээн үз. Тэгснээр Бурханы нэр ба сургаал муу хэлэгдэхгүй. Итгэгч эзэнтэй боолууд нь эзнийгээ ах дүү хэмээн хүндлэхгүй байж болохгүй. Харин ч тэдэнд бүр илүү үйлчил. Яагаад гэвэл үр ашгийг нь хүртэгчид нь хайрлагдагсад ба итгэгчид шүү дээ. Эдгээрийг заа, сэнхрүүл. Хэрэв хэн нэгэн нь өөр сургаал заавал, мөн бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба сүсэглэлд тохирох сургаалтай санал нэгдэхгүй байвал, тэр хүн биеэ тоосон, юу ч ойлгодоггүй хүн байна. Харин тэр маргаантай асуудлууд, үгсийн талаар маргаан хийдэг өвчтэй аж. Эдгээрээс атаархал, маргаан, гүтгэлэг болон бузар хардалт, ялзарсан оюун ухаантай, үнэнгүй болсон, сүсэглэлийг ашиг хонжоо олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн хоорондох байнгын маргаан гардаг байна. Харин сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн. Учир нь бид ертөнцөд юуг ч авчраагүй. Мэдээж бид эндээс юуг ч бас авч гарч чадахгүй. Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг. Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ. Харин Бурханы эр хүн ээ, чи энэ бүгдээс зайлсхий. Зөв байдал, сүсэглэл, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэ. Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн. Бүх юмсад амийг өгөгч Бурханы өмнө би чамд тушааж байна. Мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэлийг гэрчлэн айлдсан Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна. Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаа гаргалгүй, гэм зэмгүйгээр сахь. Ерөөлт бөгөөд цорын ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн нь зохистой цагт үүнийг харуулна. Тэр ганцаараа үхэшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хүршгүй гэрлийн дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх хүч нь байх болтугай! Амен. Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа. Сайныг үйлдэж, сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай хэмээн тэдэнд тушаа. Ингэхдээ тэд ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийг тавин эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрэх юм. Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Дэмий хоосон үг ярианаас хийгээд “мэдлэг” гэж хуурамчаар нэрлэгдсэн зүйлийн эсэргүүцлийн номлолоос зайлсхий. Зарим нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр итгэлээсээ төөрсөн. Нигүүлсэл та нарт байх болтугай.

Хуваалцах
1 ТИМОТ 6 унших

1 ТИМОТ 6:1-21 Ариун Библи 2013 (АБ2013)

Боолын ёсоор буулган доор байгаа бүгд өөрсдийн эздийг хүндэлбэл зохистой хэмээн үз. Тэгснээр Бурханы нэр ба сургаал муу хэлэгдэхгүй. Итгэгч эзэнтэй боолууд нь эзнийгээ ах дүү учраас хэмээн хүндлэхгүй байж болохгүй. Харин ч бүр илүү үйлчил. Яагаад гэвэл үр ашгийг нь хүртэгчид нь хайрлагдагсад ба итгэгчид шүү дээ. Эдгээрийг заа, сэнхрүүл. Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас, тэрээр бардам, юу ч ойлгодоггүй, харин сөргөлдөөн, үгсийн талаарх маргаанаар өвчилсөн аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна. Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн. Учир нь бид ертөнцөд юу ч авчраагүй, мөн юу ч авч гарч чадахгүй. Хэрэв хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлага ба урхи, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд живүүлдэг. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ. Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө. Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн. Бүгдэд амь өгөгч Бурхан, мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэл хийсэн Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна. Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаагүй, өө сэвгүй сахь. Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна. Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен. Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа. Сайныг үйлд, сайн үйлсээр баян байж, өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй байг. Ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн суурь тавьж эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминаас зуурах юм. Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Олиггүй хоосон ярианаас хийгээд хуурамчаар мэдлэг гэгдэгчийн зөрчилдөөнөөс зайлсхий. Зарим нь үүнийг зөвшөөрснөөр итгэлээсээ төөрсөн. Нигүүлсэл та нарт байх болтугай.

Хуваалцах
1 ТИМОТ 6 унших