1 ТЕСАЛОНИК 5:1-28

1 ТЕСАЛОНИК 5:1-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нар өөрсдөдөө юу ч бичүүлэх хэрэггүй. Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг. Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй. Гэвч ах дүү нар аа, та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх биш, харанхуйнх ч биш. Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог. Харин бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая. Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус, харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм. Биднийг сэрүүн ч бай, унтсан ч бай, Өөртэйгөө хамт амьдруулахын тулд Тэр бидний төлөө үхсэн билээ. Тиймээс та нар одоо ч үйлдэж байгаа шигээ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун. Ах дүү нар аа, дунд чинь ажилладаг ба Эзэний дотор та нарыг удирдаж, заавар өгдөг хүмүүсийг хүндлэхийг бид та нараас хүсэж байна. Мөн тэдний ажил хөдөлмөрийнх нь төлөө та нар хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Нэг нэгэнтэйгээ эв найртай амьдар. Ах дүү нар аа, эмх журамгүй хүмүүст сануулж, хулчгар хүмүүсийг зоригжуулж, дорой буурай хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэйгээр хандахыг бид та нараас гуйж байна. Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн. Сүнсийг бүү бөхөө. Эш үзүүллэгийг бүү басамжил. Харин бүхнийг шалга, сайныг баригтун. Бузар муугийн алив хэлбэрийг цээрлэгтүн. Амар тайвны Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгаг. Сүнс, сэтгэл, бие тань бидний Эзэн Есүс Христийг ирэхэд бүрэн хамгаалагдсан бөгөөд гэм зэмгүй байх болтугай. Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно. Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир. Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Энэхүү захидлыг бүх ах дүү нарт уншиж өгөхийг би та нараас Эзэнээр гуйж байна. Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.

1 ТЕСАЛОНИК 5:1-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих шаардлагагүй. Учир нь Эзэний өдөр нь шөнийн хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ. “Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй. Гэвч ах дүү нар аа, та нар харанхуйд байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. Учир нь та нар бүгд гэрлийн хөвгүүд, өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх ч, харанхуйнх ч биш. Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог. Харин бид өдрийнх тул итгэл ба хайрын хуяг, авралын найдварын дуулга өмсөн, эрүүл ухаантай байцгаая. Учир нь Бурхан биднийг уур хилэнд бус, харин бидний Эзэн Есүс Христээр аврал авахад зориулжээ. Бид сэрүүн ч бай, унтсан ч бай Өөртэй нь хамт амьд байхын тулд Тэр бидний өмнөөс үхсэн юм. Тиймээс та нар үйлддэг шигээ л нэг нэгнээ тайтгаруулж, нэг нэгнээ барьж байгуулагтун. Ах дүү нар аа, дунд чинь зүдэн зүтгэдэг ба Эзэн дор та нарыг удирдаж, зааварладаг хүмүүсийг хүндэлж, ажлынх нь төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Өөр хоорондоо эв найртай бай. Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна. Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. Сүнсийг бүү бөхөө. Эш үзүүллэгийг бүү басамжил. Харин бүхнийг шалга, сайнаас зуур. Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ. Амар амгалангийн Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгатугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай. Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно. Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир. Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэндчилээрэй. Энэ захидлыг бүх ах дүү нарт уншиж өгөхийг би та нараас Эзэнээр гуйж байна. Эзэн Есүс Христийн маань нигүүлсэл та нартай хамт байх болтугай.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна