1 ТЕСАЛОНИК 5:1-11

1 ТЕСАЛОНИК 5:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)

Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих шаардлагагүй. Учир нь Эзэний өдөр нь шөнийн хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ. “Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй. Гэвч ах дүү нар аа, та нар харанхуйд байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. Учир нь та нар бүгд гэрлийн хөвгүүд, өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх ч, харанхуйнх ч биш. Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог. Харин бид өдрийнх тул итгэл ба хайрын хуяг, авралын найдварын дуулга өмсөн, эрүүл ухаантай байцгаая. Учир нь Бурхан биднийг уур хилэнд бус, харин бидний Эзэн Есүс Христээр аврал авахад зориулжээ. Бид сэрүүн ч бай, унтсан ч бай Өөртэй нь хамт амьд байхын тулд Тэр бидний өмнөөс үхсэн юм. Тиймээс та нар үйлддэг шигээ л нэг нэгнээ тайтгаруулж, нэг нэгнээ барьж байгуулагтун.

1 ТЕСАЛОНИК 5:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нар өөрсдөдөө юу ч бичүүлэх хэрэггүй. Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг. Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй. Гэвч ах дүү нар аа, та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх биш, харанхуйнх ч биш. Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог. Харин бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая. Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус, харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм. Биднийг сэрүүн ч бай, унтсан ч бай, Өөртэйгөө хамт амьдруулахын тулд Тэр бидний төлөө үхсэн билээ. Тиймээс та нар одоо ч үйлдэж байгаа шигээ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун.