1 ТЕСАЛОНИК 4:1-18

1 ТЕСАЛОНИК 4:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Эцэст нь, ах дүү нар аа, та нар хэрхэн явах, Бурханд таалагдах талаар биднээс сурснаараа мөн та нар үнэхээр тийн явдагчлан, улам илүү болоорой гэж бид Эзэн Есүс дотор гуйн ятгаж байна. Учир нь бид Эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. Бурханы хүсэл нь та нарын ариусал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг цээрлэж, хүн бүр ариусал хийгээд хүндэтгэл дор өөрийн биеэ хэрхэн хянахаа мэдэж, Бурханыг мэддэггүй харийнхан мэт тачаангуй хүсэлд эс байх нь юм. Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэгт ах дүүгээ мэхэлж болохгүй. Би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм. Учир нь Бурхан биднийг цэвэр бусын тулд бус харин ариусалд дуудсан билээ. Тиймд үүнийг эсэргүүцэгч нь хүнийг бус, харин та нарт Ариун Сүнсээ өгдөг Бурханыг эсэргүүцэж байна. Харин ах дүүсийн хайрын талаар та нарт бичих хэрэггүй аж. Учир нь та нар өөрсдөө бие биенээ хайрлахыг Бурханаар заалгажээ. Үнэндээ та нар Македони даяар байгаа бүх ах дүү нараа хайрладаг. Харин ах дүү нар аа, үүндээ улам их бялхахыг та нараас гуйя. Бидний тушаасанчлан, төвшин амьдрахыг хичээж, өөрийн ажилдаа анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг эрхэмлэ. Ингэснээр та нар гаднын хүнд зохистой хандах бөгөөд ямар ч юмаар дутахгүй. Ах дүү нар аа, нойрсогчдын талаар та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар найдваргүйчүүдийн адил гашуудах вий. Учир нь бид Есүс үхсэн бөгөөд амилсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогсдыг Бурхан Түүний хамт тийнхүү авчирна. Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Эзэнийг иртэл амьд үлдсэн бид нойрсогчдын өмнө орохгүй. Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.

1 ТЕСАЛОНИК 4:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эцэст нь, ах дүү нар аа, та нар Бурханд яаж таалагдаж, яаж явах ёстой талаар биднээс заавар авсанчлан (та нар үнэндээ тийнхүү явдагчлан) та нарыг улам илүү болоосой гэж бид Эзэн Есүс дотор та нарыг гуйж, ятгаж байна. Учир нь бид Эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. Бурханы хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг тэвчиж, хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдэхийг мэдэж, ингэхдээ Бурханыг мэддэггүй харь үндэстэн мэт тачаангуй хүсэл дотор биш юм. Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэг дотор ах дүүгээ мэхэлж болохгүй. Учир нь би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм. Учир нь Бурхан биднийг цэвэр бус уруу биш, харин ариусгалд дуудсан билээ. Тиймд үүнийг эсэргүүцдэг хүн нь хүнийг бус, харин та нарт Өөрийн Ариун Сүнсийг өгдөг Бурханыг эсэргүүцэж байна. Харин ах дүүсийн хайрын хувьд гэвэл та нар хэн нэгнээр өөрсдөдөө бичүүлэх хэрэггүй ажээ. Учир нь та нар өөрсдөө бие биеэ хайрлахыг Бурханаар заалгасан байна. Үнэндээ та нар тэр хайраар бүх Македони даяар байгаа ах дүү нараа цөмийг нь хайрладаг. Харин ах дүү нар аа, бүр улам илүү хайрлагтун гэж бид та нараас хичээнгүйлэн гуйж байна. Бидний та нарт тушаасанчлан, түвшин амьдрахыг хичээж, өөрийн хувийн ажлыг анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг зорилгоо болго. Ингэснээр та нар гаднын хүнд зохистой хандах бөгөөд ямар ч юмаар дутахгүй байх болно. Харин ах дүү нар аа, нойрссон хүмүүсийн талаар та нар мэдэлгүй өнгөрөхийг бид хүсэхгүй байна. Эс тэгвээс та нар ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудах вий. Учир нь хэрэв бид Есүс үхсэн бөгөөд амилсан гэдэгт итгэдэг бол Есүс дотор нойрссон хүмүүсийг Бурхан Түүний хамт бас тийнхүү авчрах болно. Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Амьд хийгээд Эзэнийг иртэл үлдсэн бид нойрссон хүмүүсийн өмнө нь орохгүй. Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул.