1 ТЕСАЛОНИК 2:1-20

1 ТЕСАЛОНИК 2:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)

Ах дүү нар аа, бид та нар дээр дэмий очоогүйг та нар өөрсдөө мэднэ. Харин та нарын мэдсэнчлэн бид урьд нь Филиппойд зовж, жанчигдсан ч маш их эсэргүүцэл дунд Бурханы сайнмэдээг та нарт ярих зориг Бурхан дотор бидэнд байсан юм. Учир нь бидний ятгалга нь заль мэх, бузар, төөрөгдөл дор байгаагүй. Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм. Учир нь та нарын мэдсэнчлэн бид хэзээ ч зусарч үгтэй, шунахай сэдэлтэй байгаагүй. Бурхан үүний гэрч. Бид алдрыг хүмүүсээс, та нараас ч эсвэл бусдаас ч эрээгүй. Христийн элч нарынхаа хувьд шаардлага үзүүлж чадах байсан ч бид та нарын дунд эх хүн хүүхдүүдээ асрах мэт зөөлөн байсан. Та нарын төлөөх халуун сэтгэлийн улмаас бид та нарт зөвхөн Бурханы сайнмэдээг бус, өөрсдийн амийг өгөхөд ч баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон. Ах дүү нар аа, та нар бидний зүдэл зүтгэл, дараа дарамтыг санаж байгаа. Бид та нарын хэнд ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллах зуур та нарт Бурханы сайнмэдээг тунхагласан. Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ. Та нар мэдэж байгаачлан, эцэг нь хүүхдүүддээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэгбүрийг Өөрийн хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд зохистойгоор явахыг ятган, урамшуулж, гуйж байсан. Та нар биднээс Бурханы үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ч ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм. Ах дүү нар аа, та нар Христ Есүсийн доторх Бурханы Иудей дэх чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгтнүүдээс адилхан зовлон амссан ажээ. Иудейчүүд Эзэн Есүсийг болон эш үзүүлэгчдийг алж, биднийг хавчиж, Бурханд эс таалагдан, бүх хүнд өсөрхөж, харийнхныг аврах гэсэн яриаг маань хорьсноор тэдний нүглүүд хуралдсаар байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа. Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ биш, харин зүсээрээ түр хагацсан ч, царайг чинь харах гэж бүх хүслээрээ чармайсан. Тиймээс бид та нар дээр очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав. Учир нь Эзэн Есүсийг ирэхэд Түүний өмнө хэн бидний найдвар эсвэл баяр баясгалан эсвэл өргөмжлөлийн титэм бэ? Энэ нь та нар бус уу? Та нар бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ.

1 ТЕСАЛОНИК 2:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ах дүү нар аа, бид та нар уруу дэмий очоогүй гэдгийг та нар өөрсдөө мэднэ. Харин та нарын мэдэж байгаачлан биднийг Филиппойд хэдийнээ зовоож, бидэнтэй зүй бусаар харьцсан. Үүний дараа маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурханы сайн мэдээг та нарт ярих зориг Бурханы минь дотор бидэнд байсан юм. Учир нь бидний ятгалга нь алдаа төөрөгдөл эсвэл бузраас гараагүй, заль мэх дотор ч байгаагүй, харин сайн мэдээ бидэнд даалгагдах нь Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин бидний зүрхийг шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм. Учир нь та нарын мэдэж байгаачлан бид хэзээ ч зусарч үгтэй байгаагүй. Шунахайрлаа нуун дүр үзүүлээгүй. Бурхан бол гэрч. Хэдийгээр бид Христийн элч нар болохынхоо хувьд та нарт эрх мэдлээ үзүүлж чадах байсан боловч бид алдрыг хүмүүсээс, та нараас ч, эсвэл бусдаас ч эрээгүй билээ. Харин бид та нарын дунд хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт зөөлөн байсан. Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурханы сайн мэдээг бус, мөн өөрсдийн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл та нар бидний хувьд үнэхээр дотнын хүмүүс маань болсон байв. Ах дүү нар аа, та нар бидний хөдөлмөр болон хүнд хэцүү байдлыг санадаг. Бид та нарын хэнд чинь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллан, та нарт Бурханы сайн мэдээг тунхагласан. Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчлэх бөгөөд Бурхан ч гэрч юм. Эцэг хүн өөрийн хүүхдэдээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэг бүрийг ятган, урамшуулж, гуйж байсныг та нар мэднэ. Ингэснээр өөрсдийг чинь Өөрийнхөө хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд та нар зохистойгоор явах юм. Та нар биднээс Бурханы захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу итгэдэг та нарын дотор бас ажлаа хийдэг Бурханы үг хэмээн хүлээн авсан. Үүний төлөө бид бас Бурханд үргэлж талархдаг юм. Ах дүү нар аа, та нар Иудей дэх Христ Есүсийн доторх Бурханы чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс зовлонг амссан шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгт хүмүүсийн гарт адилхан зовлонг эдэлсэн ажээ. Иудейчүүд Эзэн Есүсийг болон эш үзүүлэгчдийг алж, бас биднийг хавчиж байв. Тэд Бурханд таалагдалгүй, бүх хүнд өстөн болж, харь үндэстнүүдийн авралын төлөө биднийг ярихад саад хийснийхээ үр дүнд тэд үргэлж өөрсдийн нүглүүдийг дүүргэж байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа. Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ биш, харин царай зүсээрээ түр зуур хагацсан боловч, нүүр царайг чинь харах гэж бүх хүслээрээ хичээн чармайсан. Тиймээс бид та нар уруу очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав. Учир нь хэн бидний найдвар, эсвэл баяр баясгалан, эсвэл өргөмжлөлийн титэм нь вэ? Энэ нь бидний Эзэн Есүсийг ирэхэд Түүний оршихуй доторх та нар ч гэсэн биш гэж үү? Та нар бол бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ.