1 САМУЕЛ 3:1-14
1 САМУЕЛ 3:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Балчир хөвгүүн Самуел Елигийн өмнө ЭЗЭНд үйлчилж байв. Тэр үед ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв. Тэр үед Ели өөрийнхөө газарт хэвтэж байхад (Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд тэрээр сайн харж чадахгүй болсон байв.) мөн Бурханы дэнлүү хараахан унтраагүй үед, Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв. ЭЗЭН Самуелыг дуудахад —Би энд байна гэж тэр хэлэв. Тэгээд тэр Ели уруу гүйж очин, —Та намайг дуудсан тул би энд байна гэж өгүүлэв. Харин Ели —Би дуудаагүй. Буцаж яваад хэвтэгтүн гэсэнд Самуел буцаж яваад хэвтэв. ЭЗЭН дахин —Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин, —Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели —Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвтэгтүн хэмээн өгүүлэв. Самуел ЭЗЭНийг хараахан мэддэггүй, ЭЗЭНий үг ч түүнд хараахан илэрхийлэгдээгүй байжээ. Ийнхүү ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин, —Та намайг дуудсан учир би энд байна хэмээн өгүүлэв. Тэгэхэд балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг Ели ойлгов. Ели Самуелд —Явж, хэвт. Хэрэв Тэр чамайг дуудвал “ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” хэмээн өгүүлэгтүн гэв. Ингээд Самуел явж, орондоо хэвтэв. Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна хэмээн өгүүлэв. ЭЗЭН Самуелд айлдахдаа —Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх гэж байна. Түүнийг сонссон бүх хүмүүсийн хоёр чих нь хангинах болно. Тэр өдөр Би Елигийн гэрийн талаар Өөрийн өгүүлсэн бүхнийг эхнээс нь дуустал түүний эсрэг гүйцэтгэнэ. Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ. Тиймээс Елигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав гэв.
1 САМУЕЛ 3:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Балчир хөвгүүн Самуел, Елигийн дор ЭЗЭНд үйлчилж байв. Тэр өдрүүдэд ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв. Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд сайн харж чадахгүй болсон Ели өөрийнхөө газарт хэвтэж байх тэр цагт Бурханы дэнлүү хараахан унтраагүй байсан агаад Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв. ЭЗЭН, Самуелыг дуудахад —Би энд байна гэж тэр хэлэв. Тэгээд тэр Ели уруу гүйж очин —Та намайг дуудсан тул би энд байна гэв. Харин Ели —Би дуудаагүй, буцаад хэвт гэсэнд Самуел яваад хэвтэв. ЭЗЭН дахин —Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин —Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели —Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвт гэв. Самуел ЭЗЭНийг хараахан мэддэггүй, ЭЗЭНий үг ч түүнд илэрхийлэгдээгүй байжээ. ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин —Та намайг дуудсан учир би энд байна гэв. Тэгэхэд Ели балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг ажиж мэдэв. Тиймээс Ели Самуелд —Яв, хэвтэж амар. Хэрэв Тэр чамайг дуудвал чи “ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” гэж хариул гэв. Ингээд Самуел явж, байрандаа хэвтэв. Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна гэв. ЭЗЭН, Самуелд —Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх ба үүнийг сонссон бүхний хоёр чих нь хангинах болно. Тэр өдөр Би Ели дээр, түүний гэрийн эсрэг Өөрийн айлдсан бүхнээ эхнээс нь дуустал буулгана. Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг хазаарлаагүй тул түүний мэдсэн хилэнцийн учир өөрийнх нь гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд хэлсэн билээ. Тиймээс Би Елигийн гэрийн хилэнц нь өргөлөөр ч, тахилаар ч мөнхөд арчигдан цэвэрлэгдэхгүй гэж Елигийн гэрт андгайлав гэлээ.