1 САМУЕЛ 24:1-7

1 САМУЕЛ 24:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)

Саул филистчүүдийг мөшгөн хөөгөөд, буцаж ирэхэд нь түүнд —Харагтун, Давид Енгедийн цөлд байна гэж мэдэгдэв. Тэгээд Саул бүх Израилиас гурван мянган шилэгдсэн эрсийг авч, Давид болон түүний хүмүүсийг эрж хайхаар Янгирын хадан хавцлын урдуур явав. Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд нэгэн агуй байсанд Саул шилбэ далдлахаар тийш оров. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байлаа. Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгнө. Түүнийг нүднийхээ тааллаар болгогтун” гэж айлдсан тэр өдөр нь болов гэцгээв. Тэгтэл Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав. Үүний дараа Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа түүний зүрх сэтгэл ихэд зовов. Тэрээр хүмүүстээ —Түүнийг ЭЗЭНий тосолсон хүн гэдгийг мэдсээр байж, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү үйлдэж, дахин гар сунгаж ийм хэрэг хийхийг ЭЗЭН надаас хол байлгаг гэж хэлэв. Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав.

1 САМУЕЛ 24:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

Саул филистчүүдийг мөшгөн хөөгөөд, буцан ирэхэд нь —Давид одоо Енгедийн цөлд байна гэдгийг мэдэгдэв. Тэгээд Саул бүх Израилиас гурван мянган шилэгдсэн хүнийг авч, Давид болон түүний хүмүүсийг эрж хайхаар Янгирын хаднуудын урдуур явав. Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд агуй байсанд Саул бие засахаар тийш оров. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байв. Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгөх гэж байна. Түүнийг өөрийн дураар болгогтун” хэмээн айлдсан тэр цаг өдөр нь болов гэцгээв. Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав. Үүний дараа Давид Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа сэтгэл нь ихэд зовов. Тэрээр хүмүүстээ —ЭЗЭН байгаа тул, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү хандан, тэр ЭЗЭНий тосолсон хүн тул түүний эсрэг гараа сунгасан ийм хэрэг надаас хол байг хэмээн өгүүлэв. Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав.