1 САМУЕЛ 2:1-36

1 САМУЕЛ 2:1-36 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд Ханна залбиран —ЭЗЭН тандаа зүрх минь баярлана. ЭЗЭНийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө. Авралд тань баярлан баяссан би Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв. ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй. Ихэд олон үг бардамнаж бүү ярьтугай. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай. Хамгийг мэдэгч Бурхан ЭЗЭН тул Хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа Тэр билээ. Дийлэгч агсны нум хугарахад Дийлдэгч нэгэн нь харин хүчийг агсав. Цатгалан байсан нь талх хайн хөлсний хүн болоход, Өлсгөлөн байсан нь хайхаа нэгэнт больжээ. Хүүсэр эмэгтэй тэр бүү хэл долоо төрж байхад, Хүүхэд олонтой байсан эмэгтэй хоосрон зовно. Үхүүлдэг нь ч бас амилуулдаг нь ч ЭЗЭН, Үхэгсдийн оронд унагадаг нь бас өргөж босгодог нь Тэр юм. Үгүйрүүлдэг бас баяжуулдаг нь ЭЗЭН, Дордуулдаг бас дээрдүүлдэг нь Тэр юм. Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу. Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул Гагц үүнийхээ дээр ЭЗЭН ертөнцийг тэгнэжээ. Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм. Түүнтэй тэрсэлдэгчид нам дарагдана. Тэгээд тэднийг ЭЗЭН тэнгэрээс бас ниргэнэ. Дэлхийн хязгаар хүртэл ЭЗЭН шүүх болно. Хаандаа хүч чадлыг Тэр өгөх болно. Тосолсныхоо эврийг Тэр бас өргөх болно гэв. Тэгээд Елкана Рамад байдаг гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн дор ЭЗЭНд үйлчлэв. Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв. Тэр үед хэн нэгэн хүн өргөл өргөх үед тахилчийн зарц гурван салаа сэрээ барин, мах чанаж байхад хүрч ирдэг нь ард түмний өмнө зуршил болсон байв. Түүгээрээ тогоо сав, хайруулын тогоо, ваар сав уруу хатгаж, сэрээнд зоогдож гарч ирсэн бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх израильчуудад ингэдэг байлаа. Түүнээс гадна хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирээд, өргөл өргөж буй хүнд —Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхийг авна гэдэг байв. Хэрэв тэр хүн түүнд —Эхлээд бүх өөх шатаг, дараа нь сэтгэлдээ хүссэнээ авагтун гэж хэлбэл тахилчийн зарц —Үгүй, чи үүнийг надад одоо өг! Эс тэгвээс би хүчээр авна гэдэг байв. Ийнхүү эдгээр залуусын нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байсан агаад тэд ЭЗЭНий өргөлийг үл тоомсорлож байлаа. Харин балчир хөвгүүн Самуел маалинган ефод зүүгээд ЭЗЭНий өмнө үйлчилж байв. Самуелын эх нь түүнд зориулан бяцхан хувцас хийж, жил бүр нядлах тахил өргөхөөр нөхрийнхөө хамт ирэхдээ жилээс жилд түүнийгээ авчирч өгдөг байв. Тэгэхэд Елкана болон түүний эхнэрийг Ели ерөөн —ЭЗЭНд зориулсан гуйлтын чинь оронд ЭЗЭН энэ эмэгтэйгээс чамд үр хүүхдүүдийг соёрхох болтугай! гэж хэлэв. Тэгээд тэд гэр уруугаа буцаж явав. ЭЗЭН Ханнад айлчлан ирж, тэрээр жирэмслэн ахиад гурван хөвгүүн, хоёр охин төрүүлжээ. Балчир хөвгүүн Самуел ЭЗЭНий өмнө өсөж торнив. Ели өндөр настай болжээ. Өөрийнх нь хөвгүүд бүх Израильд юу үйлдэж байгааг, тэд бас чуулганы асрын үүдэнд үйлчилдэг эмстэй унтаж хэвтдэг тухай Ели сонсдог байв. Тэрээр хөвгүүддээ —Би энэ ард олноос ёрын муу хэргийг чинь сонслоо. Та нар ийм хэрэг юунд үйлдэнэ вэ? Ингэж болохгүй, хүүхдүүд минь. ЭЗЭНий хүмүүсийн дунд яригдаж буй, надад сонсогдсон энэ сураг сайн юм огт биш. Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл Бурхан түүний төлөө зуучилна. Харин хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? гэж сургамжлав. ЭЗЭН тэднийг үхүүлэхээр шийдсэн тул тэд эцгийнхээ дуу хоолойг сонссонгүй. Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНий бас хүмүүсийн тааллыг олов. Тэгтэл Бурханы хүн, Елид ирж —ЭЗЭН айлдахдаа “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрт байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу? Миний тахилчид байж, Миний тахилын ширээн дээр тахиж, утлага уугиулж, Миний өмнө ефод зүүлгэхийн тулд Би Израилийн хамаг овгоос тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн бүх галан тахилыг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу? Миний орших газарт Миний тушааснаар Надад өргөсөн өргөл, тахилууд дээр та нар яагаад дэвсэлж бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн дээжээр нь өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ Надаас илүү дээдэлж байна вэ?” гэлээ. Тиймээс Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү тунхаглаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би айлдсан билээ.” Харин одоо ЭЗЭН тунхаглан “Тэгэх нь Надаас хол байг! Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна. Харагтун, Би чиний тэнхээг, чиний эцгийн гэрийн тамирыг тасалж, гэрт чинь өвгөн настан үгүй болох өдөр айсуй. Израильд сайнаар соёрхдог бүхний дунд [Миний] орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрт настай хүн үүрд үгүй болно. Гэсэн ч нүдийг чинь нулимсаар сохолж, сэтгэлийг чинь гансруулахын тулд Би танай бүх хүнийг Өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй. Чиний гэрийн бүх үрс харин ид залуугаараа үхнэ. Чиний хоёр хүү Хофни, Финехас нарт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр үхнэ. Харин зүрх болон сэтгэлд минь таалагдахаар үйлдэх үнэнч тахилчийг Би Өөртөө гаргаж ирнэ. Би түүнд бат үнэн гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно. Чиний гэрт амьд үлдэгсэд бүгд задгай мөнгөн зоос, үмх талхны төлөө түүнд сөгдөхөөр ирж, «Үмх талхтай болмоор байна, тахилчийн ямар нэг албанд намайг тавьж өгөөч» гэж гуйх болно” гэсэн гэв.

Хуваалцах
1 САМУЕЛ 2 унших

1 САМУЕЛ 2:1-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

Дараа нь Ханна залбиран, —Миний зүрх ЭЗЭНд баярлана. Би Таны авралд баясдаг учир миний ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж, эвэр минь ЭЗЭНд өргөгдөнө. ЭЗЭНтэй адил ариун хэн ч байхгүй. Үнэхээр Тан шиг хэн ч үгүй, мөн бидний Бурхан адил хад гэж байхгүй. Ихэд бардамнан бүү онгирогтун. Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун. Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөд Тэрээр үйлсийг дэнсэлнэ. Хүчтэний нум хугарч, харин дорой нь хүчийг агсана. Цатгалан байсан нь талхны төлөө өөрсдийгөө хөлсөлцгөөж, харин өлсгөлөн байсан нь өлсөхөө больжээ. Хүүсэр эмэгтэй ч хүртэл долоо төрж, харин олон хүүхэдтэй эмэгтэй зовно. ЭЗЭН үхүүлдэг, бас амьдруулдаг. Үхэгсдийн оронд унагадаг, бас босгодог. ЭЗЭН хоосруулдаг, бас баяжуулдаг. Тэр дорд болгодог, бас өргөмжилдөг. Тэр ядуу нэгнийг шорооноос босгож, үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж, тэднийг ноёдын хамт суулган, тэдэнд алдрын суудлыг өвлүүлнэ. Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөд түүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов. ЭЗЭН бурханлаг хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг, харин бузар хүмүүс харанхуйд дуугүй болгогдоно. Учир нь хүн хүчээр үл ялдаг. ЭЗЭНтэй сөргөлдөгчид юу ч үгүй устгагдана. Тэдний эсрэг ЭЗЭН тэнгэрээс аянга буулгана. ЭЗЭН дэлхийн хязгаар хүртэл шүүх болно. Тэр Өөрийн хаанд хүч чадлыг өгч, Өөрийн тосолсон Нэгэний эврийг өргөмжилнө гэв. Дараа нь Елкана Рамад байдаг өөрийн гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн өмнө ЭЗЭНд үйлчлэв. Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв. Мөн тахилч нар ард түмэнтэй ингэж харьцдаг байв. Хэн нэгэн хүн тахил өргөх үед, мах чанаж байхад нь тахилчийн зарц гурван салаа сэрээг гартаа барин, хүрч ирдэг байв. Түүгээрээ тогоо, сав, хайруулын таваг, хувин уруу хатгаж, сэрээнд зоогдсон бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх израильчуудад ингэж ханддаг байлаа. Түүнээс гадна, хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирэн, өргөж буй хүнд —Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхий мах авна гэдэг байв. Хэрэв тэр хүн түүнд —Эхлээд өөх бүгд шатаг, дараа нь хүссэнээ авагтун гэж хэлбэл тахилчийн зарц —Үгүй, чи үүнийг надад одоо өг. Эс тэгвээс би хүчээр авна гэдэг байв. Ийнхүү эдгээр хөвгүүдийн нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байлаа. Учир нь хүмүүс ЭЗЭНий өргөлийг жигшив. Балчир хөвгүүн Самуел маалинган ефод өмсөн, ЭЗЭНий өмнө үйлчилж байв. Самуелын эх нь түүнд зориулан бяцхан хувцас хийж, жил бүрийн тахил өргөхөөр нөхрийнхөө хамт ирэхдээ жил бүр түүнийгээ авчирж өгдөг байв. Тэгэхэд Елкана болон түүний эхнэрийг Ели ерөөн, —ЭЗЭНд зориулсан хөвгүүний оронд ЭЗЭН энэ эмэгтэйгээс чамд хүүхдүүдийг өгөх болтугай! гэдэг байв. Тэгээд тэд өөрийн гэрт буцдаг байв. ЭЗЭН Ханнаг эргэж, тэрээр жирэмслэн гурван хөвгүүн, хоёр охин төрүүлжээ. Балчир хөвгүүн Самуел ЭЗЭНий өмнө өсөн торнив. Ели их настай болжээ. Өөрийн хөвгүүд нь бүх Израильд юу үйлдэж байгааг, бас хурлын майхны үүдэнд үйлчлэгч эмстэй тэд хэрхэн унтдаг тухай Ели сонсов. Тэрээр хөвгүүддээ —Та нар ийм хэрэг буюу эдгээр бүх ардуудаас сонсож байгаа муу ёрын хэргийг юунд үйлдэнэ вэ? Хүүхдүүд минь, ингэж болохгүй. ЭЗЭНий хүмүүсийн дунд тархаж буй, надад сонсогдсон мэдээ нь сайн юм огт биш. Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл, Бурхан түүний төлөө зуучилна. Харин хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? хэмээн сургамжлав. Гэвч тэд эцгийнхээ үгийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН тэднийг үхүүлэх гэж байв. Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНд болон хүмүүст хайрлагдав. Тэгэхэд Бурханы хүн Елид ирж, түүнд —ЭЗЭН ийнхүү айлдаж байна “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрийн боолчлолд байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу? Миний тахилч нар байж Миний тахилын ширээнд очиж, утлагыг шатааж, Миний өмнө ефодыг өмсүүлэхийн тулд Би Израилийн хамаг овгуудаас тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн галаар өргөдөг бүх өргөлүүдийг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу? Та нар яагаад Миний орших газарт Миний тушааснаар үйлдэгддэг, Надад өргөсөн өргөл, тахилуудад хөнгөн хандаж, бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн хамгийн сайнаар нь өөрсдийгөө таргалуулснаар өөрийнхөө хөвгүүдийг Надаас илүүд үзэж байна вэ?”. Тиймийн тул Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би чин үнэнээр өгүүлсэн билээ. Харин одоо ЭЗЭН айлдахдаа ”Энэ нь Надаас хол байг! Учир нь Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ. Намайг жигшигчдийг Би үл хайхарна. Харагтун, Би чиний болон чиний эцгийн гэрийн хүчийг тасалж, чиний гэрт хөгшин настай хүн үгүй болох өдөр айсуй. Израилийн төлөө Миний хийдэг бүх сайн сайхны дунд Миний орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрт хэзээ ч хөгшин настай хүн байхгүй болно. Гэсэн ч Би танайхнаас бүх хүнийг Өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй нь уйлснаас болж чиний нүд сохорч, сэтгэл чинь гансрахын тулд билээ. Чиний гэрийнхэн бүгд ид залуугаараа нас барна. Чиний хоёр хүү Хофни, Финехас нарт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр үхнэ. Гэвч Миний зүрх болон Миний сэтгэлд байгаа зүйлсийн дагуу үйлдэх үнэнч тахилчийг Би Өөрийнхөө төлөө өргөмжилнө. Би түүнд бат бэх гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно. Чиний гэрт амьд үлдэгсэд бүгд хэсэг мөнгө, зүсэм талхны төлөө ирж, түүнд өвдөг сөгдөн, «Зүсэм талхтай болохын тулд тахилчийн ямар нэгэн ажлыг надад өгөөч» хэмээн гуйх болно” гэсэн гэв.

Хуваалцах
1 САМУЕЛ 2 унших

1 САМУЕЛ 2:1-36

1 САМУЕЛ 2:1-36 АБ20041 САМУЕЛ 2:1-36 АБ20041 САМУЕЛ 2:1-36 АБ20041 САМУЕЛ 2:1-36 АБ2004