1 САМУЕЛ 15:17-23

1 САМУЕЛ 15:17-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

Самуел —Хэдийгээр та өөрийгөө өчүүхэн хэмээн санаж байсан боловч, Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож, тосолсон билээ. ЭЗЭН таныг аян замд илгээн, “Явж, нүгэлтнүүд болох амалекчуудыг устган, тэднийг бүрмөсөн устаж дуустал нь тулалд” гэсэн. Та юунд ЭЗЭНий дуу хоолойг үл дагаж, харин олзыг шүүрэн авч, ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв? гэжээ. Саул Самуелд —Би ЭЗЭНий дуу хоолойг дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг олзлон авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ. Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд устгахаар зориулагдсан юмнуудаас шилмэлийг нь хонь, үхэр буюу олзноос заримыг авчирсан билээ хэмээн өгүүлэв. Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү. Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил, захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ. Чи ЭЗЭНий үгээс татгалзсан тул ЭЗЭН бас чамайг хаан байлгахаас татгалзлаа хэмээн өгүүлэв.

1 САМУЕЛ 15:17-23 Ариун Библи 2013 (АБ2013)

Самуел —Хэдийгээр та өөрийн нүдэнд дорой байсан ч Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож тосолсон биш үү? ЭЗЭН таныг аян замд илгээн “Явж, нүгэлтэн амалекчуудыг устган тэднийг бүрмөсөн устаж дуустал тэдэнтэй тулалд” гэсэн. Та юунд ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин олз уруу шунан дайрч, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв? гэжээ. Саул, Самуелд —Би ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ. Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд олзноос буюу хориг цээртэй юмсаас хамгийн сайн хонь, үхрийг авчирсан билээ гэв. Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү. Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд Гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, Чи хаан байхаа болилоо гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна