1 САМУЕЛ 15:1-9

1 САМУЕЛ 15:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Самуел Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон, тослуулахаар ЭЗЭН намайг илгээсэн. Тийм учраас одоо ЭЗЭНий зарлигийг сонсогтун. Түмэн цэргийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Израиль Египетээс гарах замд Амалек түүний эсрэг довтолсон учир Израильд үйлдсэн зүйлийнх нь төлөө Би түүнийг шийтгэнэ. Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг хүйс тэмтэрч, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал” хэмээв гэж хэлэв. Тэгээд Саул ард түмнээ дуудаж, Телаимд тэднийг тоолоход, хоёр зуун мянган явган цэрэг, арван мянган Иудагийн эрчүүд байв. Саул Амалекийн хот уруу ирж, талд хүлээж бүгэв. Саул кенчүүдэд —Явцгаа, би та нарыг тэдэнтэй хамт хөнөөхгүйн тулд амалекчуудын дундаас салж, явагтун. Учир нь та нар Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед тэдэнд элэгсэг хандсан билээ хэмээн өгүүлэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав. Ийнхүү Саул Хавилагаас Египетийн зүүн талд буй Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив. Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь олзолж, ард олныг нь үлдээлгүйгээр илдийн ирээр хүйс тэмтрэв. Харин Саул ба түүний ард олон нь Агаг болон хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал хурга ба сайн бүхнийг өршөөж, тэр бүгдийг хүйс тэмтрэхийг үл хүссэн юм. Харин тэд зөвхөн хэрэггүй, үнэ цэнэгүй зүйлсийг хүйс тэмтрэв.

1 САМУЕЛ 15:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Самуел, Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор ЭЗЭН намайг илгээсэн. Тиймээс одоо ЭЗЭНий үг ба дуу хоолойг сонсогтун. Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Амалекийг шийтгэнэ. Учир нь Израилийг Египетээс гарах замд тэд түүний эсрэг довтолсон юм. Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв. Тэгээд Саул ард түмнээ цуглуулан Телаимд тэднийг тоолбол хоёр зуун мянган явган цэрэг, арван мянган Иудагийн эрчүүд байв. Саул Амалекийн хот уруу ирж, голын хөндийд отон хүлээв. Саул кенчүүдэд —Явцгаа, би та нарыг амалекчуудтай хамт хөнөөхгүйн тулд тэдний дундаас салж явагтун. Учир нь Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед та нар тэдэнд энэрэнгүй хандсан билээ гэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав. Саул Хавилагаас Египетийн өмнө орших Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив. Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь барин олзолж, ард олныг нь илдийн ирээр хүйс тэмтрэв. Харин Саул ба түүний ард олон нь Агагийг бас хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал, хурга хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж, тэр бүгдийг бүрмөсөн сүйрүүлэхийг үл хүсэв. Тэд муу, үнэ цэнэгүй малыг харин бүрмөсөн устгажээ.