1 САМУЕЛ 15:1-35

1 САМУЕЛ 15:1-35 Ариун Библи 2013 (АБ2013)

Самуел, Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор ЭЗЭН намайг илгээсэн. Тиймээс одоо ЭЗЭНий үг ба дуу хоолойг сонсогтун. Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Амалекийг шийтгэнэ. Учир нь Израилийг Египетээс гарах замд тэд түүний эсрэг довтолсон юм. Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв. Тэгээд Саул ард түмнээ цуглуулан Телаимд тэднийг тоолбол хоёр зуун мянган явган цэрэг, арван мянган Иудагийн эрчүүд байв. Саул Амалекийн хот уруу ирж, голын хөндийд отон хүлээв. Саул кенчүүдэд —Явцгаа, би та нарыг амалекчуудтай хамт хөнөөхгүйн тулд тэдний дундаас салж явагтун. Учир нь Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед та нар тэдэнд энэрэнгүй хандсан билээ гэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав. Саул Хавилагаас Египетийн өмнө орших Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив. Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь барин олзолж, ард олныг нь илдийн ирээр хүйс тэмтрэв. Харин Саул ба түүний ард олон нь Агагийг бас хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал, хурга хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж, тэр бүгдийг бүрмөсөн сүйрүүлэхийг үл хүсэв. Тэд муу, үнэ цэнэгүй малыг харин бүрмөсөн устгажээ. Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж — Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав. Самуел Саултай уулзахаар өглөө эртлэн босов. Нэгэн хүн Самуелд —Үзэгтүн, Саул Кармелд ирж, тэнд өөртөө зориулж хөшөө босгоод тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа гэжээ. Самуел Саул уруу очиход Саул түүнд —ЭЗЭН таныг ерөөх болтугай! Би ЭЗЭНий үг тушаалыг сахилаа гэв. Харин Самуел —Тэгвэл миний сонорт буй хонины майлах дуу, надад сонсдож байгаа үхрийн мөөрөлдөх дуу чухам юу вэ? гэв. Саул —Эдгээрийг тэд амалекчуудаас авчирсан юм. Учир нь таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд хамгийн сайн хонь, үхрийг ард олон хэлтрүүлсэн юм. Гэвч бусдыг нь бид бүрмөсөн сүйрүүлэв гэлээ. Самуел, Саулд —Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг танд мэдүүлье гэхэд Саул түүнд —Яригтун гэв. Самуел —Хэдийгээр та өөрийн нүдэнд дорой байсан ч Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож тосолсон биш үү? ЭЗЭН таныг аян замд илгээн “Явж, нүгэлтэн амалекчуудыг устган тэднийг бүрмөсөн устаж дуустал тэдэнтэй тулалд” гэсэн. Та юунд ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин олз уруу шунан дайрч, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв? гэжээ. Саул, Самуелд —Би ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ. Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд олзноос буюу хориг цээртэй юмсаас хамгийн сайн хонь, үхрийг авчирсан билээ гэв. Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү. Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд Гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, Чи хаан байхаа болилоо гэв. Саул, Самуелд —Би ард олноос айж, тэдний дуу хоолойг сонссон учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчиж нүгэл үйлдлээ. Тиймээс одоо миний нүглийг уучилж, надтай хамт буцагтун. Би ЭЗЭНд мөргөе хэмээн өгүүлэв. Гэвч Самуел, Саулд —Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн бөгөөд ЭЗЭН ч таныг үл хэрэгсэж, Израилийг захирах хаан байлгахыг болиулсан билээ гэв. Самуел явахаар эргэтэл Саул түүний дээлийн хормойноос зуурч урав. Самуел түүнд —Өнөөдөр ЭЗЭН танаас Израилийн хаанчлалыг урж таслан танаас илүү сайн, таны хөршид түүнийг өгөв. Мөн Израилийн Алдар худал ярихгүй, харамсаж буцах ч үгүй. Учир нь Тэр харамсаж буцдаг хүнтэй огт адилгүй гэв. Саул —Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахмадууд ба Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргүүлж өгнө үү? гэж гуйв. Тэгэхэд Самуел Саулыг даган буцав. Саул, ЭЗЭНд мөргөлөө. Дараа нь Самуел —Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Тэгэхэд тэрээр “Үхлийн гашуун нь үнэхээр ирлээ гэж үү” хэмээн хямарсаар түүн дээр иржээ. Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил эмэгтэйчүүдийн дундаас эх чинь хүүхэдгүй болно гэв. Самуел Агагийг Гилгалд ЭЗЭНий өмнө тас цавчив. Самуел Рама уруу явж, харин Саул гэр уруугаа Саулын Гибеа өөд явлаа. Самуел өөд болох өдөр хүртэлээ Саултай уулзахаар дахин ирсэнгүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.

1 САМУЕЛ 15:1-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

Самуел Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон, тослуулахаар ЭЗЭН намайг илгээсэн. Тийм учраас одоо ЭЗЭНий зарлигийг сонсогтун. Түмэн цэргийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Израиль Египетээс гарах замд Амалек түүний эсрэг довтолсон учир Израильд үйлдсэн зүйлийнх нь төлөө Би түүнийг шийтгэнэ. Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг хүйс тэмтэрч, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал” хэмээв гэж хэлэв. Тэгээд Саул ард түмнээ дуудаж, Телаимд тэднийг тоолоход, хоёр зуун мянган явган цэрэг, арван мянган Иудагийн эрчүүд байв. Саул Амалекийн хот уруу ирж, талд хүлээж бүгэв. Саул кенчүүдэд —Явцгаа, би та нарыг тэдэнтэй хамт хөнөөхгүйн тулд амалекчуудын дундаас салж, явагтун. Учир нь та нар Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед тэдэнд элэгсэг хандсан билээ хэмээн өгүүлэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав. Ийнхүү Саул Хавилагаас Египетийн зүүн талд буй Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив. Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь олзолж, ард олныг нь үлдээлгүйгээр илдийн ирээр хүйс тэмтрэв. Харин Саул ба түүний ард олон нь Агаг болон хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал хурга ба сайн бүхнийг өршөөж, тэр бүгдийг хүйс тэмтрэхийг үл хүссэн юм. Харин тэд зөвхөн хэрэггүй, үнэ цэнэгүй зүйлсийг хүйс тэмтрэв. Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж, — Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав. Самуел Саултай уулзахаар өглөө эрт босов. Нэгэн хүн Самуелд —Саул Кармелд ирж, тэнд өөрийн алдар хүндэд зориулж хөшөө босгов. Тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа хэмээн өгүүлжээ. Самуел Саул уруу очиход Саул түүнд —ЭЗЭН таныг ивээх болтугай! Би ЭЗЭНий тушаалыг сахилаа хэмээн өгүүлэв. Харин Самуел —Тэгвэл миний чихэнд буй хонины майлаан, надад сонсогдож байгаа үхрийн мөөрөлдөөн чухам юу вэ? гэв. Саул —Тэдгээрийг амалекчуудаас авчирсан юм. Учир нь хүмүүс хонь, үхрийн хамгийн сайныг үлдээсэн нь таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд юм. Гэвч бусдыг нь бид хүйс тэмтрэв хэмээн өгүүллээ. Самуел Саулд —Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг танд мэдүүлье гэхэд Саул түүнд —Яригтун хэмээв. Самуел —Хэдийгээр та өөрийгөө өчүүхэн хэмээн санаж байсан боловч, Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож, тосолсон билээ. ЭЗЭН таныг аян замд илгээн, “Явж, нүгэлтнүүд болох амалекчуудыг устган, тэднийг бүрмөсөн устаж дуустал нь тулалд” гэсэн. Та юунд ЭЗЭНий дуу хоолойг үл дагаж, харин олзыг шүүрэн авч, ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв? гэжээ. Саул Самуелд —Би ЭЗЭНий дуу хоолойг дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг олзлон авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ. Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд устгахаар зориулагдсан юмнуудаас шилмэлийг нь хонь, үхэр буюу олзноос заримыг авчирсан билээ хэмээн өгүүлэв. Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү. Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил, захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ. Чи ЭЗЭНий үгээс татгалзсан тул ЭЗЭН бас чамайг хаан байлгахаас татгалзлаа хэмээн өгүүлэв. Саул Самуелд —Би нүгэл үйлдэв. Би ард олноос айж, тэдний үгийг дагасан учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчлөө. Тиймээс одоо миний нүглийг уучилж, надтай хамт буцагтун. Би ЭЗЭНд мөргөл үйлдье хэмээн өгүүлэв. Гэвч Самуел Саулд —Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгээс татгалзсан бөгөөд ЭЗЭН ч таныг Израилийн хаан байлгахаас татгалзсан билээ гэв. Самуел явахаар эргэтэл Саул Самуелын дээлийн хормойноос зуурч урав. Самуел түүнд —ЭЗЭН өнөөдөр танаас Израилийн хаанчлалыг таслан авч, түүнийг танаас илүү сайн, таны хөршид өгөв. Мөн Израилийн Алдар худал ярихгүй, санаагаа ч өөрчлөхгүй. Учир нь Тэр хүнтэй огт адилгүй бөгөөд санаагаа өөрчилдөггүй хэмээв. Саул —Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахлагчид болон Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргөл үйлдүүлж өгнө үү? хэмээн гуйв. Тийнхүү Самуел Саулыг даган хамт буцав. Саул ЭЗЭНд мөргөл үйлдлээ. Түүний дараа Самуел —Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Агаг түүн уруу баяртайгаар ирж, —Үхлийн зовлон үнэхээр өнгөрлөө хэмээн хэлэв. Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил, эмэгтэйчүүдийн дундаас чиний эх хүүхэдгүй болно хэмээн өгүүлэв. Самуел Агагийг ЭЗЭНий өмнө Гилгалд тас цавчив. Самуел Рама уруу явж, харин Саул нь Саулын Гибеад байдаг гэр уруугаа буцлаа. Самуел нас барах өдөр хүртлээ Саулыг дахин харсангүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна