1 САМУЕЛ 14:1-46

1 САМУЕЛ 14:1-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

Нэг өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг баригч залуудаа —Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн цэргийн анги уруу гатлан очъё гэж хэлэв. Харин энэ тухай Ионатан эцэгтээ мэдэгдсэнгүй. Саул Гибеагийн Мигрон дахь анар модны дор байв. Түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа. Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах, Ахитубын хөвгүүн Ахиа ефод өмсөж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байв. Ионатан филистчүүдийн цэргийн анги уруу гатлан очих гэсэн гармын хоёр талд хадан хавцал байсан ба нэг талын хавцлыг Бозез, нөгөө талын хавцлыг Сене гэдэг байжээ. Нэг талын хавцал нь Михмашийн харалдаа хойд талд, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд талд байв. Ионатан зэвсэг баригч залуудаа —Явцгаая. Эдгээр хөвч хөндүүлээгүй хүмүүсийн цэргийн анги уруу гатлан очъё. Бурхан бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв. Зэвсэг баригч залуу нь түүнд —Зүрхнийхээ тааллаараа үйлдэгтүн. Явагтун, би таны хүслээр тантай хамт байна гэв. Ионатан —Харагтун, бид тэр хүмүүс уруу гатлан очиж, тэдэнд өөрсдийгөө илчилье. Хэрэв тэд бидэнд “Бид та нар уруу очтол хүлээгтүн” гэж хэлбэл, бид өөрсдийн байх газарт байж, тэдэн уруу очихгүй. Хэрэв тэд “Бидэн уруу ирэгтүн” гэвэл, бид явж очъё. Учир нь ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв. Тэр хоёр филистчүүдийн цэргийн ангид өөрсдийгөө илчлэхэд, филистчүүд —Харагтун. Еврей хүмүүс нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв. Тиймээс цэргийн ангийн хүмүүс Ионатан ба зэвсэг баригч уруу хашхиран, —Бидэн уруу ирэгтүн. Бид та нарт нэг юм хэлье гэв. Ионатан зэвсэг баригчдаа —Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв. Тэгээд Ионатан гар хөлөөрөө авирч түүний зэвсэг баригч араас нь дагав. Филистчүүд Ионатаны өмнө ч унаж, зэвсэг баригч нь ч мөн түүний араас заримыг нь алав. Эхний дайралтаараа Ионатан зэвсэг баригчтайгаа хамт хагас акр газарт хорин хүнийг алав. Хуаранд ч, талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмөрлөө. Цэргийн анги болон дээрэмчид ч хүртэл чичирч, мөн газар хөдөлснөөс болж агуу их айдас тэднийг нөмрөв. Бениамины Гибеад байгаа Саулын харуулуудыг харахад, тоо томшгүй хүмүүс тарж бутран, нааш цааш гүйлдэж байхыг харав. Саул хамт байсан хүмүүстээ —Өөрсдийгөө тоологтун. Бидний дундаас хэн гарч явсныг харагтун гэж хэлэв. Тэд өөрсдийгөө тоолоход, Ионатан болон түүний зэвсэг баригч хоёр алга байжээ. Саул Ахиад —Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв. Саулыг тахилчтай ярилцаж байх зуур филистчүүдийн хуаран дахь үймээн үргэлжлэн, улам ихсэв. Саул тахилч нарт —Гараа авагтун гэж хэлэв. Саул болон түүнтэй хамт байсан бүх хүмүүс цуглаж, дайны талбар дээр очоод хартал филист хүн бүр бие биеийнхээ эсрэг илд зөрүүлэн тэнд маш их үймээн самуун болж байв. Урьд филистчүүдийн талд байсан, тэдэнтэй хамт хуаранд ирсэн Еврей хүмүүс хүртэл Саул болон Ионатантай хамт байсан израильчуудтай хамтрахаар эргэн ирцгээв. Ефраимын уулархаг нутагт нуугдаж байсан бүх Израиль хүмүүс филистчүүдийг зугтаасныг сонсоод тэд ч хүртэл тулалдаанд орж филистчүүдийг гэзэг даран хөөв. Ийнхүү тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-авенаас ч цаашаа үргэлжлэв. Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд зүдрэв. Учир нь Саул ард олныг тангараглуулан, —Оройн цагаас өмнө, намайг дайснаасаа өшөөгөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! хэмээн өгүүлэв. Тиймээс хэн ч хоол амссангүй. Нутгийн хүмүүс бүгдээрээ ой уруу ороход тэнд газар дээр зөгийн бал байв. Хүмүүсийг ой уруу ороод харахад зөгийн бал урсаж байсан боловч нэг ч хүн түүнд гар хүрч, гараа амандаа хийсэнгүй. Учир нь хүмүүс тангаргаас айж байв. Харин эцэг нь ард олныг тангараглуулсныг Ионатан сонсоогүй байжээ. Тийм учраас гартаа барьсан таягийн үзүүрийг тэр зөгийн балын сархинагт хийж, зөгийн бал аван гараа амандаа хийхэд, нүд нь гэрэлтэв. Тэгэхэд ардуудын нэг —Таны эцэг ард олныг хатуугаар тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” хэмээн өгүүлсэн билээ гэв. Ард олон ядарсан байв. Тэгээд Ионатан —Миний эцэг энэ улсыг ядраажээ. Би энэ зөгийн балаас жаахан идэхэд миний нүд яаж гэрэлтэж байгааг харагтун. Хэрэв өнөөдөр хүмүүс дайснаас олзолсон олзноосоо дураар идсэн бол ямар ихээр гэрэлтэх байсан бол. Өдий болтол олон филистчүүд алагдаагүй байна хэмээн өгүүлэв. Тэд тэр өдөртөө Михмашаас Аиалон хүртэл филистчүүдийг цохив. Хүмүүс ихэд туйлдсан байв. Хүмүүс олзны юмс уруу шуналтайгаар дайрч, хонь, үхэр, тугалыг барьж, тэр газарт нядалж, тэдгээрийг цустай нь идэв. Дараа нь тэд Саулд —Харагтун. Хүмүүс цустай нь идсэнээрээ ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж байна хэмээн мэдүүлэв. Саул —Та нар итгэл эвдсэн үйлдэл хийжээ. Одоохон над уруу бул чулуу өнхрүүлж авчрагтун гэв. Саул —Хүмүүсийн дунд таран явж, тэдэнд ийн хэлэгтүн “Та нар өөр өөрсдийн үхэр, хонийг над уруу авчирч, энд түүнийг нядалж идэгтүн. Цустай нь идэж ЭЗЭНий эсрэг нүгэл бүү үйлдэгтүн” хэмээн хэл гэж өгүүлэв. Ийнхүү бүх хүмүүс тэр шөнө тус бүр өөрийн үхрийг авчирч, тэнд нядлав. Саул ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов. Энэ нь түүний ЭЗЭНд зориулан босгосон анхны тахилын ширээ байв. Саул —Шөнөөр филистчүүдийг хөөн явцгааж, үүр цайтал тэднийг дээрэмдэн, тэднээс нэг ч хүнийг үлдээхгүй байцгаая гэхэд ардууд —Та тааллаараа үйлдэгтүн хэмээв. Тиймээс тахилч —Энд Бурханд ойртоцгооё гэв. Саул Бурханаас асуун, —Би филистчүүдийг хөөх үү? Та тэднийг Израилийн гарт өгөх үү? хэмээн асуув. Гэвч Бурхан тэр өдөр Саулд хариулсангүй. Саул —Ард олны ахлагчид аа, та нар бүгд ойртон ирэгтүн. Энэ нүглийг өнөөдөр яаж үйлдсэнийг шалгаж үз. Израилийг авардаг Бурханы амьд буйгаар тангараглая. Үүнийг миний хөвгүүн Ионатан үйлдсэн байсан ч, тэр заавал үхэх болно хэмээв. Гэвч ард олны дотроос түүнд хариулах нэг ч хүн байсангүй. Саул Израилийн бүх хүмүүст —Та нар нэг талд зогсогтун. Би өөрийн хөвгүүн Ионатантай хамт нөгөө талд гаръя гэхэд ардууд Саулд —Та тааллаараа үйлдэгтүн гэв. Саул Израилийн Бурхан ЭЗЭНд —Зөвийг үзүүлэгтүн хэмээн өгүүлэв. Ионатан, Саул хоёр авагдаж, ард олон зөвдөв. Тэгээд Саул —Миний хөвгүүн Ионатан бид хоёрын дунд шавга хаяач гэхэд Ионатан шавгаар авагдав. Саул Ионатанд —Юу үйлдсэнээ надад өгүүлэгтүн гэхэд Ионатан түүнд хариулан, —Би гартаа байсан таягийн үзүүрээр жаахан зөгийн бал авч, үнэхээр амссан. Би энд байна. Одоо би үхэх ёстой гэв. Саул —Ионатан! Чи заавал үхэх ёстой. Эс тэгвээс Бурхан намайг шийтгэх болтугай! хэмээн өгүүлэв. Гэвч ард олон Саулд —Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Ийм юм хол байг. ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт унахгүй. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг аварч, тэр үхсэнгүй. Саул филистчүүдийг мөрдөн хөөхөө зогсоож, филистчүүд нутаг уруугаа явцгаав.

1 САМУЕЛ 14:1-46 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэр өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн харуулын анги уруу гатлан очъё гэж хэлэв. Харин Ионатан үүнийг эцэгтээ мэдэгдсэнгүй. Саул Гибеагийн зах газар Мигрон дахь анар модны дор сууж байв. Ард олноос түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа. Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах Ахитубын хөвгүүн Ахиа ефод зүүж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байлаа. Филистчүүдийн цэргийн харуулын анги уруу Ионатаны гатлан очих гэсэн гармын нэг талд нь эгц хадан хавцал мөн нөгөө талд нь ч эгц хадан хавцал байсан ба нэг талыг нь Бозез, нөгөө талыг Сене гэдэг байжээ. Нэг тал нь Михмашийн харалдаа хойд зүгт, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд зүгт байв. Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв. Зэвсэг үүрэгч нь түүнд —Зүрхэн дэх бүхнээ үйлдэгтүн. Үзтүгэй, таны зүрхний хүслээр тантай би хамт байна гэв. Тэгэхэд Ионатан —Харагтун, бид тэр хүмүүс уруу гатлан очиж, тэдэнд өөрсдийгөө илчилнэ. Хэрэв тэд бидэнд “Бид та нар уруу хүрч очтол бүү хөдлөгтүн” гэж хэлбэл, бид байсан газартаа байж, тэдэн дээр өгсөж очихгүй. Харин тэд “Бидэн дээр ирэгтүн” гэвэл, бид өгсөн очъё. ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв. Тэр хоёр филистчүүдийн цэргийн харуулын ангийн өмнө өөрсдийгөө илчлэхэд филистчүүд —Харагтун. Еврейчүүд нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв. Тэгээд харуулын эрчүүд Ионатан ба түүний зэвсэг үүрэгч нарын хариуд —Бидэн дээр ирэгтүн. Бид та нарт нэг юм зааж өгье! гэв. Ионатан зэвсэг үүрэгчдээ —Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв. Тэгээд Ионатан хөл гараараа авирч, түүний зэвсэг үүрэгчид араас нь дагав. Филистчүүд Ионатаны өмнө унаж, зэвсэг үүрэгчид нь ч мөн түүний араас заримыг нь алав. Эхний дайралтаараа Ионатан зэвсэг үүрэгчтэйгээ хамт акр шангийн хагас хэрийн талбайд хорин хүнийг алав. Хуаранд ч, хээр талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмрөв. Харуулын анги ба довтлогч цэргүүд айн цочирдов. Тэгэхэд газар доргиж Бурханы аюумшиг бий болов. Харагтун, нааш цааш оволзон шаагилдсан хөл үймээнийг Бениамины Гибеад байгаа Саулын харуулууд харав. Саул хамт байсан хүмүүстээ —Тоогоо авагтун. Бидний дундаас хэн гарч явсныг хар гэж хэлэв. Тэгээд жагстал, харагтун, Ионатан болон түүний зэвсэг үүрэгч алга байжээ. Саул Ахиад —Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв. Саулыг тахилчтай ярилцаж байх зуур филистчүүдийн цэргийн хуаран дахь үймээн үргэлжлэн улам ихсэв. Саул тахилчид —Гараа татагтун гэж хэлэв. Саул ба түүнтэй хамт байсан бүх хүмүүс нэгдэн цуглаж, тулалдааны талбар дээр очив. Тэгтэл филист хүн бүр нэг нь нөгөөгийнхөө эсрэг илд зөрүүлж, тэнд маш их үймээн самуун болж байв. Өмнө нь филистчүүдийн талд орж, тэдэнтэй хамт нэг хуаранд байсан зүг зүгийн еврей хүмүүс хүртэл Саул болон Ионатаны израильчуудтай хамтрахаар эргэцгээв. Ефраимын ууланд нуугдаж байсан израиль хүмүүс ч филистчүүдийн зугтсаныг сонсоод бүгд тулалдаанд орж, филистчүүдийг гэзэг даран хөөв. Ингээд тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-Авенаас ч цааш үргэлжлэв. Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд туйлдав. Учир нь Саул ард олноор андгайлуулан —Оройноос өмнө, намайг дайснаасаа өшөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! гэв. Тиймээс ард олноос хэн ч хоол амссангүй. Нутгийн хүмүүс бүгдээрээ зөгийн бал цуглуулахаар ирцгээсэн ба тэнд газар сайгүй зөгийн бал байв. Ард олон зөгийн үүр уруу очиход, харагтун, зөгийн бал дусагнаж байсан боловч нэг ч хүн гараа амандаа хийсэнгүй. Учир нь хүмүүс тангаргаас айж байв. Эцэг нь ард олныг тангараглуулсныг харин Ионатан сонсоогүй байжээ. Тиймээс гартаа барьсан таягийн үзүүрийг зөгийн балын сархинагт дүрж, гараа амандаа хийхэд нүд нь гэрэлтэв. Тэгэхэд хүмүүсийн нэг нь —Таны эцэг ард олныг хатуу тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” гэсэн билээ. Ийнхүү ард олон туйлдав гэлээ. Тэгэхэд Ионатан —Миний эцэг энэ улсын үйлийг нь үзжээ. Би энэ зөгийн балаас жаахан амсахад миний нүд яаж гэрэлтэж байгааг хар даа. Өнөөдөр хүмүүс дайснаас олж авсан олзноосоо дураараа идсэн байсан ч болоосой. Тэгвэл бүр ч олон филист алагдах байсан биш үү? гэж хэлэв. Тэд тэр өдөртөө филистчүүдийг Михмашаас Аиалон хүртэл цохив. Ард олон ихэд туйлдсан байв. Хүмүүс олзны юмс уруу дайрч, хонь, үхэр, тугалыг барьж, газар дээр нядлан тэдгээрийг цустай нь идэв. Тэгэхэд Саулд —Харагтун, хүмүүс цустай нь идсэнээрээ ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж байна гэж дуулгав. Саул —Та нар итгэл эвдлээ. Одоохон над уруу бул чулуу өнхрүүлж авчрагтун гэв. Саул —Ард олон дундуур таран явж, тэдэнд ийн хэлэгтүн “Та нар өөр өөрсдийн үхэр, хонийг над уруу авчирч, энд түүнийг нядалж идэгтүн. Цустай нь идэж ЭЗЭНий эсрэг нүгэл бүү үйлдэгтүн” гэж хэл гэв. Ийнхүү бүх хүмүүс тэр шөнө өөр өөрсдийн үхрийг авчирч, тэнд нядлав. Саул ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов. Энэ нь түүний ЭЗЭНд зориулан босгосон анхны тахилын ширээ байлаа. Саул —Шөнөдөө филистчүүдийг хөөн явцгааж, үүр цайтал тэднийг цөлмөж тэднээс нэг ч хүнийг бүү үлдээгтүн гэхэд тэд —Та тааллаараа л бологтун гэв. Тиймээс тахилч —Энд Бурханд ойртоцгооё гэв. Саул, Бурханаас асуун —Би филистчүүдийн араас явах уу? Та тэднийг Израилийн гарт өгөх үү? гэж лавлав. Гэвч Бурхан тэр өдөр Саулд хариулсангүй. Саул —Ард олны бүх удирдагчид аа, энд ойртон ирэгтүн. Өнөөдөр яагаад ингэсний бурууг мэдтүгэй, хартугай! Израилийг авардаг Бурхан амьд! Буруутан нь миний хөвгүүн Ионатан байлаа ч, тэр нь заавал үхэх ёстой гэв. Гэтэл ард олны дотроос түүнд хариулах нэг ч хүн байсангүй. Саул бүх Израильд —Та нар нэг талд зогсогтун. Би өөрийн хөвгүүн Ионатантай хамт нөгөө талд гаръя гэхэд ард олон Саулд —Та тааллаараа л бол! гэв. Саул Израилийн Бурхан ЭЗЭНд —Буруутанг нь буулгаж өгөөч гэв. Ионатан Саул хоёр тунаж, ард олон мултрав. Тэгээд Саул —Миний хөвгүүн Ионатан бид хоёрын дунд шавга хая гэхэд, Ионатан тунаж үлдэв. Саул, Ионатанд —Юу үйлдсэнээ надад хэлэгтүн гэхэд Ионатан түүнд —Би гартаа байсан таягийн үзүүр дэх жаахан зөгийн балыг зүгээр л амссан. Харагтун, одоо би үхэх ёстой гэв. Саул —Ионатан! Чи гарцаагүй үхэх ёстой. Эс бөгөөс ЭЗЭН намайг ийн шийтгэг, бүр ч илүүг үйлдэг гэж хэлэв. Гэвч ард олон Саулд —Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Энэ нь хол байг. ЭЗЭН амьд! Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт үл унаг. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг суллан авч, тэр үхсэнгүй. Саул филистчүүдийг мөрдөн хөөхөө зогсоож, филистчүүд өөрсдийн газар уруугаа явцгаав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна