1 САМУЕЛ 13:1-15
1 САМУЕЛ 13:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Саул дөчин насандаа хаан болов. Тэр Израилийг гучин хоёр жил захирав. Саул өөртөө Израилиас гурван мянган эрчүүдийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн уулархаг нутагт байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийн майхан уруу нь буцаав. Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийг цохисон билээ. Филистчүүд үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж, —Еврейчүүд сонсогтун! хэмээн зарлав. Саулыг филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг үзэн ядах болсон гэсэн мэдээг бүх Израиль сонслоо. Ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав. Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гурван мянган тэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон хүмүүс байв. Тэд ирж, Бет-авены зүүн талд, Михмашт буудаллав. Израиль хүмүүс (ард олон ихээр шахагдсан байв) аюулд учирсныг хараад агуй, хавцал, хадны завсар, газар доорх нүх, худагт нуугдав. Мөн зарим еврейчүүд Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар байсан ба түүнийг дагасан бүх хүмүүс чичирч байв. Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Хүмүүс түүнийг орхин тарцгааж байв. Тийнхүү Саул —Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад авчрагтун гэж хэлэв. Тэгээд тэр шатаалт тахил өргөв. Түүнийг шатаалт тахил өргөж дуусаад харахад, Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ. Харин Самуел —Та юу хийчихсэн бэ? гэж асуухад, Саул —Хүмүүс намайг орхин, бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй бөгөөд филистчүүд Михмашт цугларсныг би үзсэн билээ. Тиймээс би “Одоохон Филистчүүд Гилгалд миний эсрэг ирцгээх болно, харин би ЭЗЭНий тааллыг гуйгаагүй” гэв. Тиймээс би аргагүй шатаалт тахил өргөв гэж хариулав. Самуел Саулд —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан тушаалыг сахисангүй. Тэгээгүй байсан бол одоо ЭЗЭН Израильд таны хаанчлалыг мөнхөд тогтоох байсан. Гэвч одоо таны хаанчлал тогтохгүй. ЭЗЭН Өөртөө Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүнийг олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь ЭЗЭН танд тушаасныг та биелүүлсэнгүй гэв. Тэгээд Самуел босож, Гилгалаас Бениамины Гибеад очив. Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол, зургаан зуугаад хүн байв.
1 САМУЕЛ 13:1-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Саул идэр насандаа хаан болж Израилийг хоёр жил захирчээ. Саул өөртөө Израилиас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан уруу буцааж явуулав. Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийг цохисон бөгөөд филистчүүд ч үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж —Еврейчүүд сонсогтун! гэж зарлав. Саул филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг жигшин зэвүүцэх болсон нь бүх Израильд дуулдаж, ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав. Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гучин мянган тэрэгт цэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон явган цэрэг байв. Тэд ирж, Бет-Авены зүүн зүгт Михмашт хуарагнав. Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав. Мөн еврейчүүдийн зарим нь Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар, түүнтэй цуг байсан ард олон айн дагжиж байлаа. Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Ард олон түүнийг орхин тарцгааж байв. Тэгэхэд Саул —Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад энд авчрагтун гэв. Тэгээд тэр шатаалт тахил тахив. Үзэгтүн, түүнийг шатаалт тахил тахиж дуусмагц Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ. Харин Самуел —Та юу хийв? гэсэнд Саул —Ард олон намайг орхин тарцгаахыг би харж бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй, филистчүүд ч Михмашт цугларсан тул би “Филистчүүд Гилгалд миний эсрэг одоохон ирэх нь, бас ЭЗЭНий тааллыг би гуйгаагүй байна” гээд би өөрийгөө хүчилж, аргагүй шатаалт тахил тахив гэж хариулав. Самуел, Саулд —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан зарлиг тушаалыг сахисангүй. Ингээгүйсэн бол ЭЗЭН таны хаанчлалыг Израильд мөнхөд тогтоох байсан. Гэвч одоо таны хаанчлал үргэлжлэхгүй. ЭЗЭН Өөртөө зүрх сэтгэлийнхээ дагуух хүнийг хайн олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь танд ЭЗЭНий тушаасныг та сахин биелүүлсэнгүй гэв. Тэгээд Самуел босон Гилгалаас Бениамины Гибеад өгсөж очив.