1 САМУЕЛ 1:1-28

1 САМУЕЛ 1:1-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв. Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэр Ханна, нөгөөгийнх нь нэр Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, Ханна хүүхэдгүй байжээ. Тэр хүн жил бүр Шилод түмэн цэргийн ЭЗЭНд мөргөж, тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилч нар байв. Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна болон түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ. Харин Ханнад хоёр хувь илүүг өгдөг байв. Учир нь тэр Ханнад хайртай байсан боловч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ. ЭЗЭН хэвлийг нь хаасан учир түүнтэй өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулахын тулд өддөг байв. Жил бүр тэгдэг байсан бөгөөд Ханна ЭЗЭНий өргөөнд очих болгонд Пенинна түүнийг өддөг байв. Тийм учраас Ханна уйлан, хоол унд ч иддэггүй байжээ. Тэгэхэд түүний нөхөр Елкана түүнд —Ханна, чи юунд уйлж, яагаад хоол унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх сэтгэл чинь уйтгарлана вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү? гэв. Шилод хоол унд идэж ууж дууссаны дараа Ханна босов. Тэр үед тахилч Ели ЭЗЭНий сүмийн хаалганы дэргэдэх суудал дээр сууж байсан билээ. Ихэд шаналсан Ханна ЭЗЭНд залбиран, гашуунаар уйлж байв. Тэр тангараглан, —Түмэн цэргийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв. Ханна ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн залбирч байхад Ели түүний амыг ажиглан харж байв. Ханна зүрх сэтгэл дотроо залбирч, зөвхөн уруул нь хөдөлж, харин дуу нь гарахгүй байсан юм. Тиймээс Ели түүнийг согтуу байна хэмээн боджээ. Ели түүнд —Хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснаасаа сал гэв. Гэвч Ханна хариуд нь —Үгүй, эзэн минь, миний сүнс шаналж байна. Би дарс ч, архи ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ илчилж байна. Шивэгчнээ олиггүй эмэгтэй гэж бүү үзэгтүн. Учир нь сэтгэл ихээр зовниж, өдөөн хатгуулсаар байгаа тул, би өдий хүртэл залбирлаа хэмээлээ. Тэгэхэд Ели хариулан, —Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай! гэв. Тэр эмэгтэй —Шивэгчин тань таны өмнө тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй буцан явж, хоол унд идэж, түүний нүүр царай нь уйтгар гуниггүй болов. Дараагийн өглөө нь тэд эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэр уруу буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав. Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход хөвгүүн төрүүллээ. —Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гэж өгүүлээд түүнийг Самуел гэж нэрлэв. Дараа нь Елкана амлалтаа биелүүлэн жилийн тахилыг ЭЗЭНд өргөхөөр гэр бүлийн хамт явах боллоо. Харин Ханна нөхөртөө —Энэ хөвгүүнийг хөхнөөс гарах хүртэл би тийшээ явахгүй. Дараа нь би түүнийг дагуулан явж, ЭЗЭНий өмнө аваачиж, тэнд үүрд үлдээнэ хэмээн өгүүлээд явсангүй. Нөхөр Елкана нь түүнд —Чи тааллаараа бол. Хөвгүүнийг хөхнөөс гартал нь энд үлд. Зөвхөн ЭЗЭН үгээр батлах болтугай! гэв. Тийнхүү тэр эмэгтэй үлдэж, хөвгүүнийг хөхнөөс гартал нь хөхүүлж тэжээв. Хөвгүүнийг хөхнөөс гармагц хэдийгээр тэр нялхаараа байсан боловч Ханна түүнийг мөн гурван настай бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд түүнийг дагуулан ирэв. Тэгээд тэд бухаа нядалж, хүүг Елид авчирч өгөв. Ханна өгүүлэв. —Эзэн минь ээ! Таны амьд буйгаар тангараглая, Эзэн минь. Би энд, таны дэргэд зогсон ЭЗЭНд залбирч байсан эмэгтэй байна. Энэ хөвгүүний төлөө би залбирсан юм. Өөрөөс нь гуйсан миний гуйлтыг ЭЗЭН биелүүлж өгсөн билээ. Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг нэгэнт ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНд зориулагдав гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв.

Хуваалцах
1 САМУЕЛ 1 унших

1 САМУЕЛ 1:1-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана нэрт нэгэн хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, ефраим хүн Зуфын дөч байв. Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэрийг Ханна, нөгөөгийнх нь нэрийг Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, харин Ханна хүүхэдгүй байжээ. Тэр хүн жилийн жилд Шилод өгсөн очиж, түг түмдийн ЭЗЭНд мөргөж тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилчид байв. Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна, түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ. Тэрээр Ханнад хайртай байсан учраас түүнд нэг хувь илүүг өгдөг байв. Гэвч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ. ЭЗЭН хэвлийг нь хаасан учир бүсгүйн өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулах гэж байдгаар нь өддөг байлаа. Жилээс жилд Ханнаг ЭЗЭНий өргөөнд очих болгонд ийм юм болдог бөгөөд Пенинна түүний хорыг малтдаг байв. Тэгэхэд нь Ханна уйлж унжаад, хоол унд ч иддэггүй байжээ. Тэгэхэд түүний нөхөр Елкана түүнд —Ханна, чи юунд уйлж, яагаад хоол унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх чинь гунихарна вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү? гэв. Шилод тэднийг хоол унд идэж ууж дууссаны дараа Ханна босов. Тэр үед тахилч Ели ЭЗЭНий сүмийн хаалганы баганын дэргэдэх нэгэн сандал дээр сууж байсан билээ. Ихэд шаналсан Ханна, ЭЗЭНд залбиран гашуунаар уйлж байв. Тэр ам өчиг өгөн —Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлон зүдүүрийг үзээд, намайг санаж, шивэгчнээ үл мартан шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв. Ханна ЭЗЭНий өмнө удаан залбирч байхад Ели түүний амыг ажиглан харж байв. Ханна зүрхэндээ ярьж, зөвхөн уруул нь хөдөлж, харин дуу нь сонсогдохгүй байлаа. Тэгэхэд Ели түүнийг согтуу байна гэж боджээ. Ели түүнд —Хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснаасаа сал гэв. Гэвч Ханна хариуд нь —Үгүй, эзэнтэн минь, би сүнсээрээ цөхөрсөн эмэгтэй байна. Би дарс ч, сархад ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ уудалж байна. Шивэгчнээ үл бүтэх эмэгтэй гэж бүү үзэгтүн. Зовлон шаналал, гашуудлаасаа болоод ийм удаан ярилаа гэв. Тэгэхэд Ели хариулан —Амар тайван явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болно гэв. Тэр эмэгтэй —Шивэгчин тань таны нүднээ тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй явж, хоол унд идэн, нүүр царай нь уйтгар гуниггүй болов. Тэд өглөө эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав. Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход нэгэн хөвгүүн төрүүлэв. —Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гээд түүнийг Самуел гэж нэрлэв. Тэгээд Елкана бүх гэрийнхэнтэйгээ хамт ЭЗЭНд жилийн тахилыг өргөж, ам өчгөө биелүүлэхээр өгсөж явав. Харин Ханна нөхөртөө —Энэ хөвгүүнийг хөхнөөс гарах хүртэл би явахгүй. Дараа нь би түүнийг ЭЗЭНий өмнө аваачиж, тэнд үүрд үлдээхээр дагуулан явна гэж хэлээд өгсөж явсангүй. Нөхөр Елкана нь түүнд —Дураараа л бол! Хөвгүүнийг хөхнөөс гартал нь энд үлд. Гагцхүү ЭЗЭН үгээ байлгах болтугай! гэв. Тийнхүү тэр эмэгтэй үлдэж, хөвгүүнээ хөхнөөс гартал нь хөхүүлж тэжээжээ. Хөвгүүнийг хөхнөөс гармагц Ханна гунан бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд хүүгээ дагуулан ирэв. Тэгэхэд хүү нь нялхаараа байлаа. Тэгээд тэд бухаа нядалж, хүүг Елид авчирч өгөв. Ханна —Эзэнтэн минь ээ! Та амьд! ЭЗЭНд залбирахаар таны дэргэд энд зогсож байсан эмэгтэй би байна, эзэнтэн минь! Энэ жаалхүүгийн төлөө би залбирсан юм. Түүнээс гуйсан миний гуйлтыг ЭЗЭН надад биелүүлж өгсөн билээ. Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНийх болов гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв.

Хуваалцах
1 САМУЕЛ 1 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна