ХААДЫН ДЭЭД 6:14-22
ХААДЫН ДЭЭД 6:14-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Соломон өргөөг барьж дуусгалаа. Тэгээд өргөөний дотор талын шалнаас тааз хүртэлх ханыг хуш модон банзаар бүрж, өргөөний шаланд агар банз дэвсэв. Тэрээр өргөөний хоймрын хорин тохой хэсэг газрыг дотоод ариун газар буюу хамгийн ариун газар болгон тусгаарлаж, хуш модон банзаар шалнаас тааз хүртэл барьж босгов. Өргөө буюу дотоод ариун газрын өмнөх гол танхимын урт нь дөчин тохой байв. Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторлосон учир чулуу нь огт харагдахааргүй болжээ. ЭЗЭНий гэрээний авдрыг залахын тулд тэрээр өргөө доторх дотоод ариун газрыг бэлтгэжээ. Дотоод ариун газрын урт нь хорин тохой, өргөн нь хорин тохой, өндөр нь хорин тохой бөгөөд Соломон түүнийг шижир алтаар доторлов. Мөн тахилын ширээг ч хушаар бүржээ. Соломон өргөөг шижир алтаар доторлож, дотоод ариун газрын өмнүүр алтан гинжнүүд татаж, түүнчлэн дотоод ариун газрыг бүхэлд нь алтаар бүржээ. Ийнхүү тэр өргөөний доторхыг нэлэнхүйд нь алтаар бүрсэн юм. Дотоод ариун газарт байсан тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа.
ХААДЫН ДЭЭД 6:14-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Соломон өргөөг барьж дуусгалаа. Тэрээр өргөөний дотор ханыг хуш модон банзаар барьж, дотор талыг нь шалнаас тааз хүртэл модоор бүрж, өргөөний шаланд майлс модон банз дэвсэв. Тэрээр өргөөний ар буюу хойморт дотоод ариун танхим буюу ариунаас ариун газар болгон хорин тохой хэсэг газрыг хуш модон банзаар шалнаас тааз хүртэл барьж босгов. Харин түүний урд талын ариун танхим буюу өргөө дөчин тохой урт байв. Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторложээ. Бүгд хуш мод учир чулуу нь огт харагдахааргүй болсон байв. ЭЗЭНий гэрээний авдрыг залахын тулд өргөөний дотор талд дотоод ариун танхимыг бэлтгэжээ. Дотор талд буй дотоод ариун танхимын урт нь хорин тохой, өргөн нь хорин тохой, өндөр нь хорин тохой бөгөөд тэрээр түүнийг шижир алтаар доторлож, тахилын ширээг ч хушаар бүржээ. Соломон өргөөний дотор талыг шижир алтаар бүрж, дотоод ариун танхимын өмнүүр алтан гинжүүд татан гарц гаргаж, түүнийг бүхэлд нь алтаар бүржээ. Тэрээр өргөөг бүхэлд нь алтаар доторлосон юм. Дотоод ариун танхимын урд байсан тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа.