ХААДЫН ДЭЭД 3:5-15

ХААДЫН ДЭЭД 3:5-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Гибеонд байхад нь нэгэн шөнө ЭЗЭН зүүдэнд нь Соломонд үзэгдэж —Чи надаас юу авахыг хүсэж байгаагаа надаас гуйгтун хэмээн Бурхан айлдав. Тэгэхэд Соломон —Та Өөрийн боол, миний эцэг Давидыг Таны өмнө үнэн, зөв шударга Тан уруу хандсан цэх шулуун сэтгэлээр явж байхад түүнд энэрлийг үзүүлсэн юм. Мөн Та энэ өдөр байгаагийн адил сэнтийд нь залрах хүүг түүнд өгснөөрөө энэ агуу хайр энэрлээ түүнд хадгалсан билээ. Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр Та Өөрийн боол намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон боловч би балчир хүүхэд юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ. Таны боол би тоолж бүртгэж чадахааргүй агуу их, Таны сонгосон ард түмний төвд байна. Тэгэхээр Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг Өөрийн боолдоо өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв. Соломон энэ зүйлийг гуйсанд ЭЗЭНий мэлмийд таашаагдав. Тиймээс Бурхан түүнд —Чи энэ зүйлийг гуйж, өөртөө урт нас, баялаг болон дайснуудынхаа үхлийг гуйлгүй, харин үнэн зөвийг ухааран ялгах чадварыг өөртөө гуйсан тул харагтун, Би чиний хүссэний дагуу үйлдлээ. Харагтун, би чамд мэргэн, ухааран ялгах чадвартай зүрхийг өглөө. Чиний өмнө чамтай адил хүн байгаагүй бөгөөд чиний дараа ч чамтай адил хүн гарч ирэхгүй юм. Би бас чиний гуйгаагүй зүйлс болох баян тансаг байдал болон нэр хүндийг ч чамд өгсөн. Чиний бүх өдрүүдийн туршид хаадын дунд чамтай адил хүн байхгүй болно. Хэрэв чи эцэг Давид шигээ Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал, Би чиний амьдралыг уртасгана гэж айлдлаа. Тэгэхэд Соломон сэрээд хартал, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимдаа ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөн, бүх түшмэддээ зориулан найр хийжээ.

ХААДЫН ДЭЭД 3:5-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Гибеонд байхад шөнө нь Соломоны зүүдэнд ЭЗЭН үзэгдэж —Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж Бурхан айлдав. Тэгэхэд Соломон —Та Өөрийн боол, миний эцэг Давидыг өмнө тань үнэн, зөвт бас шулуун шударга зүрх сэтгэлээр явсны учир агуу их хайр энэрлийг үзүүлсэн билээ. Та энэ агуу хайр энэрэлээ түүнд хадгалж, өнөөдөр түүний сэнтийд залрах хүүг түүнд өгсөн билээ. Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр би балчир хөвгүүн боловч Та Өөрийн зарц намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ. Таны зарц би тоолж бүртгэж чадахааргүй тоо томшгүй, Таны сонгосон агуу их ард түмний дунд байна. Тиймээс Таны ард түмнийг засаглахын тулд ухааран ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухааныг Өөрийн зарцдаа өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн засаглаж чадах билээ? гэв. Соломон энэ зүйлийг гуйсан нь ЭЗЭНий мэлмийд таашаагдав. Тиймээс Бурхан түүнд —Чи урт нас, эд баялаг, дайснуудынхаа амийг гуйсангүй, харин зөвийг ялгах ухаарлыг өөртөө гуйсан тул, харагтун, Би чиний үгсийн дагуу үйлдлээ. Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй юм. Би бас чиний гуйгаагүй баян тансаг байдал, нэр хүндийг ч чамд өгч байна. Иймээс чиний бүх өдрүүдэд хаадын дундаас чамтай адил хүн байхгүй болно. Хэрэв чи Давид эцгийнхээ явсан шиг Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал Би чиний өдөр хоногуудыг уртасгана гэж айлдлаа. Тэгэхэд Соломон сэрсэн ба харагтун, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимд ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахил ба эвийн тахил тахиж, бүх зарц нартаа зориулан найр хийжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна