ЗЕФАНИА 1
1
1Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн өдрүүдэд Хезекиагийн хүү, Амариагийн хүү, Гедалиагийн хүү, Кушийн хөвгүүн болох Зефаниад ирсэн ЭЗЭНий үг.
2“Би газрын гадаргуунаас бүх зүйлийг бүрэн арчих болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
3“Би хүн ба амьтныг бүрэн арчих болно.
Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг,
балгаснуудыг хилэнцтэний хамт бүрэн арчих болно.
Би газрын гадаргуунаас хүнийг таслах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
4“Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана.
Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг тахилч нартай хамт энэ газраас таслах болно.
5Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мэхийдэг,
доошоо бөхийж ЭЗЭНд тангарагладаг боловч Милкомоор тангарагладаг,
6ЭЗЭНийг дагахаас эргэн больсон,
ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно”.
7Эзэн БУРХАНы өмнө чимээгүй бай!
Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.
Учир нь ЭЗЭН тахилыг бэлтгэсэн,
Тэр Өөрийн зочдоо ариусгасан.
8Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр ирэхэд
Би хааны хөвгүүд болох жононгуудыг ба
өөрсдийгөө харийн хувцсаар хувцасласан бүх хүмүүсийг шийтгэх болно.
9Сүмийн босгон дээр дэвхэцдэг бүх хүмүүсийг болон
эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг
Би тэр өдөр шийтгэх болно.
10ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэр өдөр Загасны Дааман хаалганаас хашхирах дуу,
Хоёрдугаар Дүүргээс гашуудал, толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.
11Худалдааны дүүрэгт оршин суугчид аа, гашуудагтун.
Учир нь Канааны бүх хүмүүс чимээгүй болгогдоно.
Мөнгийг хэмждэг бүх хүн таслагдах болно.
12Тэр цагт Би дэнлүүнүүдтэйгээр Иерусалимыг нэгжин,
сүнсээр зогсонги хүмүүсийг шийтгэх болно.
Тэд өөрсдийнхөө зүрхэнд «ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэдэг.
13Цаашилбал, тэдний баялаг нь олз болж,
тэдний байшингууд эзгүйрнэ.
Тийм ээ, тэд байшингуудыг барих боловч тэндээ амьдрахгүй,
усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй”.
14ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна.
Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна.
ЭЗЭНий өдөр, сонс!
Тэнд дайчин нь цурхиран уйлж байна.
15Тэр өдөр бол хилэнгийн өдөр,
бэрхшээл, зовлонгийн өдөр,
эвдрэл, эзгүйрлийн өдөр,
хар, түнэр харанхуйн өдөр,
үүлс, өтгөн харанхуйн өдөр,
16бүрээ, дайтах уухайны өдөр юм.
Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг өндөр булант цамхгуудын эсрэг өдөр юм.
17Би хүмүүст зовлонг авчирна.
Ингэснээр тэд сохор хүн шиг алхах болно.
Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ.
Тэдний цус нь шороо мэт,
махан бие нь баас мэт асгагдах болно.
18ЭЗЭНий хилэнгийн өдөр
тэдний мөнгө нь ч, алт нь ч тэднийг чөлөөлөх боломжгүй болно.
Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно.
Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг,
үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.
Одоогоор Сонгогдсон:
ЗЕФАНИА 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society