РОМ 3:9-24

РОМ 3:9-24 АБ2004

Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд болон грекчүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. Энэ нь ингэж бичигдсэнчлэн, «Зөвт хүн алга. Ганц ч алга. Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ. Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга». «Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ хуурч мэхэлдэг». «Тэдний уруул дор могойн хор бий». «Тэдний ам хараал болон гашуун үгээр дүүрэн аж». «Тэдний хөл цус урсгахдаа түргэн, тэдний замд сүйрэл болон гай гамшиг бий. Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй». «Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй» Хуулийн хэлж байгаа болгон нь Хуулийн дор байгч хүмүүст хандан ярьдаг гэдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно. Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм. Харин эдүгээ Бурханы зөв нь Хуулиас ангид илэрхийлэгдэв. Үүнийг Хууль ба Эш үзүүлэгчид гэрчилсэн юм. Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүнд байна. Ялгаварлал байхгүй. Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй, харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ.