ДУУЛАЛ 37:23-40
ДУУЛАЛ 37:23-40 АБ2004
Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогддог бөгөөд Түүний замд Тэр баярладаг. Тэрээр бүдрэвч, газар хөсөр унахгүй. Учир нь ЭЗЭН Өөрийн гараар түүнийг түшдэг. Би залуугаасаа хөгширтлөө Зөв шударга хүн хаягдахыг, Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй. Тэр үргэлж нигүүлсэн хайрлаж, зээлүүлдэг. Түүний үр удам нь ерөөлтэй юм. Бузраас хагацаж, сайныг үйлд, Тэгвэл чи мөнхөд орших болно. Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөд Өөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй. Тэд мөнхөд хамгаалуулсан, Харин хорон муу хүний үр удам таслагдах болно. Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, Түүнд мөнхөд оршин суух болно. Зөв шударга хүний ам нь мэргэн үгийг хэлдэг бөгөөд Түүний хэл нь шударга үгийг өгүүлдэг. Түүний зүрхэнд Бурханых нь хууль оршдог. Түүний алхамд алдаа байхгүй. Хорон муу хүн зөв шударга хүнийг анаж, Түүнийг хорлох боломжийг хайдаг. ЭЗЭН түүнийг хорон санаатны гарт орхихгүй, Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй. ЭЗЭНийг хүлээж, Түүний замаас бүү гар, Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө. Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно. Төрөлх хөрсөндөө ургаж буй саглагар мод шиг өөрийгөө сагсайлган ургуулдаг Хорон муу, харгис хүнийг би харсан билээ. Тэгээд тэр өнгөрсөн бөгөөд харагтун тэр алга болсон. Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй. Гэм зэмгүй хүнийг тэмдэглэж, Шулуун шударга хүнийг харагтун. Учир нь амар амгалан хүн сайн сайхныг авна. Харин нүгэлтнүүд цөмөөрөө устгагдана. Хорон муу хүний хойч үеийнхэн ч таслагдана. Харин зөв шударга хүний аврал ЭЗЭНээс ирдэг. Тэрээр бэрх цагт тэдний хүч чадал юм. ЭЗЭН тэдэнд тусалж, тэднийг чөлөөлдөг. Тэд Түүний дотор хоргоддог учраас Тэр тэднийг хорон муу хүнээс чөлөөлж, авардаг юм.