ДУУЛАЛ 28:1-9

ДУУЛАЛ 28:1-9 АБ2004

ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна. Хад минь, чихээ бүү бөглөөч. Учир нь хэрэв Та дуугүй байвал Би нүх уруу унадаг хүмүүсийн адил болно. Би Тан уруу тусламж гуйн хашхирахад, Би гараа Таны ариун газар уруу чиглүүлэн өргөхөд Миний гуйлтын дууг сонсооч. Хорон муу хүмүүс болон Гэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач. Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловч Зүрхэнд нь бузар муу байдаг. Тэдний ажлууд болон Үйлдлийнх нь бузар муугийн дагуу тэдэнд хариу өгөөч. Тэдний гарын бүтээлийн дагуу тэдэнд хариу өгөөч. Тэдний авбал зохих зүйлсээр тэдэнд буцаан төлөөч. Тэд ЭЗЭНий ажлууд болон Түүний гарын бүтээлүүдийг ойшоодоггүй тул Тэр тэднийг устгаж, харин тэднийг дахин босгохгүй. ЭЗЭН магтагдах болтугай. Учир нь Тэр миний гуйх дууг сонссон юм. ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм. Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн. Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөд Өөрийн дуугаар би Түүнд талархах болой. ЭЗЭН бол тэдний хүч чадал, Мөн Тэрээр Өөрийн тослогдогчийн хувьд авралын хамгаалалт юм. Өөрийн хүмүүсийг аварч, Өөрийн өвийг ерөөгөөч. Бас тэдний хоньчин нь болж, Тэднийг мөнхөд үүрч яваач.