ДУУЛАЛ 119:72-107

ДУУЛАЛ 119:72-107 АБ2004

Таны амнаас гарсан хууль надад Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм. Таны мутар намайг урлан бүтээсэн юм. Өөрийн тушаалуудыг надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч. Би Таны үгийг хүлээдэг учраас Танаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай. Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд Та итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ. Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу Таны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай. Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг. Учир нь Таны хууль бол миний баясгалан юм. Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай. Харин би Таны тушаалуудыг бясалгана. Танаас эмээдэг, Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай. Би ичгүүрт орохгүйн тулд Зүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай. Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг. Би Таны үгийг хүлээдэг. Намайг “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж хэлэхэд Таны үгийн төлөө нүд минь гархилдаг. Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн Би Таны зарлигуудыг мартдаггүй. Таны зарцын өдрүүд хэд вэ? Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ? Таны хуулийг үл дагагчид болох Бардам хүмүүс надад нүх ухжээ. Таны бүх тушаалууд итгэлтэй юм. Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач! Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ, Гэвч би Таны тушаалуудыг огоороогүй. Надаар Таны амнаас гарах гэрчлэлийг сахиулахын тулд Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч. Өө, ЭЗЭН, Таны үг тэнгэрт Мөнхөд бат тогтдог. Таны итгэлтэй байдал бүх үеийн туршид үргэлжилдэг. Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна. Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог. Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ. Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол Тэгвэл би зовлон шаналал дотроо мөхөх байсан. Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй. Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ. Би Таных билээ, намайг авраач. Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм. Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг. Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана. Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан ч Таны тушаал бол хэмжээлшгүй өргөн дэлгэр юм. Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг. Таны гэрчлэлүүд миний бясалгал учир Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон. Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраас Би настангуудаас ч илүү ойлгон ухаардаг. Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулд Бүх бузар замаас хөлөө татсан юм. Та Өөрөө надад заасан учир Би Таны тогтоолуудаас гажаагүй. Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ. Таны үг бол миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл юм. Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно. Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.