ДУУЛАЛ 119:36-71

ДУУЛАЛ 119:36-71 АБ2004

Зүрхийг минь олз уруу бус, Өөрийн гэрчлэл уруу хандуулаач. Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч. Танаас эмээх айдсыг төрүүлдэг Өөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач. Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач. Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ. Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна. Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч. Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл, Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай. Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно. Учир нь би Таны үгэнд итгэдэг юм. Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач. Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ. Ингэвэл би Таны хуулийг үргэлж, Мөнхийн мөнхөд сахина. Би Таны тушаалуудыг хайдаг учраас Чөлөөтэй алхах болно. Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөд Ичихгүй байх болно. Би өөрийн хайрладаг Таны тушаалуудад баясах болно. Би өөрийн хайрладаг Таны тушаалууд уруу гараа өргөх болно. Би Таны зарлигуудыг бясалгана. Таны надад найдварыг өгсөн, Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач. Таны үг намайг сэргээсэн нь Миний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм. Бардам хүн намайг ихэд тохуурхдаг, Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй. Өө, ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санасан бөгөөд Өөрийгөө тайтгаруулдаг. Таны хуулийг огоорсон Хорон муу хүнээс болж шатам их зэвүүцэл намайг барин авсан. Миний аян замын өргөөнд Таны зарлигууд бол миний дуу юм. Өө, ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж, Таны хуулийг сахидаг. Би Таны тушаалуудыг биелүүлдэг нь Минийх болсон юм. ЭЗЭН бол миний хувь юм. Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ. Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ. Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач. Би замуудаа тунгаан бодож, Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн. Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээр Яаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм. Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн, Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ. Таны зөв шударга тогтоолуудын улмаас Би Танд талархахаар шөнө дунд босох болно. Би Танаас эмээдэг бүх хүмүүс хийгээд Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм. Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн. Өөрийн зарлигуудыг надад заагаач. Өө, ЭЗЭН, Та Өөрийн үгийн дагуу Өөрийн зарцад сайнаар хандсан билээ. Би Таны тушаалуудад итгэдэг учраас Надад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач. Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг. Та бол сайн бөгөөд сайныг үйлддэг билээ. Өөрийн зарлигуудыг надад заагаач. Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог. Би бүхий л зүрхээр Таны тушаалуудыг биелүүлнэ. Тэдний зүрх сэтгэл хатуурсан, Харин би Таны хуульд баясдаг. Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.

ДУУЛАЛ 119:36-71 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв