ДУУЛАЛ 102

102
Шаналж, гомдлоо ЭЗЭНий өмнө уудлах үеийн зовлонт хүний залбирал.
1Өө, ЭЗЭН, миний залбирлыг сонсооч!
Миний тусламж гуйсан хашхиралт Танд хүрэг.
2Зовлон бэрхшээлийн минь өдөр надаас нүүрээ бүү нуугаач.
Над уруу чихээ хандуулаач.
Миний дуудах өдөр надад хурдан хариулаач.
3Учир нь миний өдрүүд утаа шиг замхарсан бөгөөд
Яснууд минь ч цуцал мод шиг шатсан.
4Зүрх минь зүлэг ногоо шиг ширх хорхойд баригдаж, хагдарсан.
Би талхаа идэхээ ч үнэхээр мартсан.
5Ёолох дууны минь чангаас болж
Яс минь маханд минь наалдав.
6Би хээр талын хотон шувуутай ижилссэн.
Би зэлүүд нутгийн шар шувуу шиг болсон.
7Би сэрүүн хэвтдэг,
Би дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болсон.
8Миний дайснууд намайг өдөржингөө буруутгасан.
Надад хорссон хүмүүс миний нэрийг хараалд ашигласан.
9Учир нь би үнсийг талх шиг идэж,
Уух усаа нулимстайгаа хольсон нь
10Таны зэвүүцэл болон Таны хилэнгээс болсон юм.
Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн.
11Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд
Би өвс шиг гандан хатаж байна.
12Харин ЭЗЭН Та мөнхөд оршдог,
Таны нэр ч үеийн үед байдаг.
13Та босож, Сионыг өрөвдөнө.
Учир нь түүнийг нигүүлсэх цаг одоо ирлээ,
Тогтоосон цаг ирлээ.
14Таны зарц нар түүний чулуунд үнэхээр баярлаж,
Түүний тоос шороог ч өрөвддөг.
15Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс,
Дэлхийн бүх хаад Таны алдраас эмээнэ.
16Учир нь ЭЗЭН Сионыг босгон байгуулжээ.
Тэр Өөрийн цог жавхлангийн дунд үзэгдсэн.
17Тэрээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч,
Тэдний залбирлыг жигшдэггүй.
18Хожим бүтээгдэх хүмүүс ЭЗЭНийг магтахын тулд
Энэ нь ирэх үеийнхний төлөө бичигдэнэ.
19Учир нь Тэр Өөрийн ариун өндөрлөгөөс харсан.
Тэнгэрээс ЭЗЭН газар дэлхийг ширтсэн.
20Энэ нь хоригдлын ёолохыг сонсож,
Үхлийн ял авсан хүмүүсийг чөлөөлөхийн тулд юм.
21Ингэснээр Сионд ЭЗЭНий нэрийг,
Иерусалимд Түүний магтаалыг
22Хүмүүсийг хамтдаа ирж,
ЭЗЭНд үйлчлэхээр хаанчлалуудыг цуглахад тунхаглах ажгуу.
23Тэрээр зам зуур миний хүч чадлыг сулруулсан.
Тэр миний өдрүүдийг богиносгосон.
24Би “Бурхан минь ээ, өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач.
Таны жилүүд үеийн үед байдаг юм.
25Та эрт үед газар дэлхийн суурийг тавьсан.
Тэнгэрүүд ч Таны гарын бүтээл юм.
26Тэд ч сөнөнө, харин Та мөнх оршино.
Тэдгээр нь бүгд өмсгөл шиг элэгдэнэ.
Хувцас шиг Та тэднийг солих бөгөөд тэд ч солигдоно.
27Гэвч Та хэвээрээ болоод
Таны он жилүүд төгсөхгүй.
28Таны зарц нарын үр хүүхдүүд үргэлжлүүлэн амьдарч,
Тэдний үр удмууд Таны өмнө бат зогсоно” гэдэг.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 102: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү