СУРГААЛТ ҮГС 24

24
1Хорон муу хүмүүст бүү атаарх.
Тэдэнтэй хамт байхыг бүү хүс.
2Учир нь тэд хүчирхийллийг сэддэг бөгөөд
Тэдний уруул нь гай зовлонгийн үгсийг л ярина.
3Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог.
4Мэдлэгийн хүчээр өрөөнүүд чинь эрхэм нандин баялгаар дүүрнэ.
5Мэргэн хүн чадалтай.
Ухаантай хүн хүчээ бататгана.
6Мэргэн удирдамжийн дагуу чи дайт.
Олон зөвлөгчийн дотор ялалт бий.
7Мэргэн ухаан нь мунхагт дэндүү өндөр юм.
Тэрээр хаалганы дэргэд амаа нээхгүй.
8Хорон мууг хийхээр төлөвлөдөг нэгнийг хүмүүс хорлогч гэж дуудна.
9Мунхаглалыг сэдэх нь нүгэл.
Басамжлагч нэгэнд хүмүүс дургүйцдэг.
10Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж.
11Үхэлд баригдсан хүмүүсийг авар.
Алагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийг буцааж авчир.
12“Бид энэ талаар мэдээгүй” гэж чи хэлж байгаа бол
Зүрхийг Дэнслэгч үүнийг анхааралдаа авахгүй гэж үү?
Сүнсийг чинь хамгаалагч энэ бүхнийг мэдэхгүй гэж үү?
Мөн хийсэн үйлийнх нь хариуг Тэр хүмүүнд өгөхгүй гэж үү?
13Зөгийн бал ид, учир нь тэр сайн юм.
Сархинагийн бал тун амттай шүү.
14Мэргэн ухаан нь сэтгэлд чинь үүнтэй адил гэдгийг мэд.
Хэрэв түүнийг олох аваас чамд ирээдүй байгаа бөгөөд
Итгэл найдвар чинь ор тас мартагдахгүй.
15Хар санаатан чи,
Зөв шударга хүний гэр орны эсрэг санаа өвөрлөөд бүү отож хэвт.
Алжаалаа тайлдаг газрыг нь бүү сүйтгэ.
16Учир нь зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ.
Харин хар санаатай хүн гай тохиох цагт нэгмөсөн бүдэрнэ.
17Чиний дайсан унахад баярлах хэрэггүй.
Бүдрэхэд нь зүрх чинь бүү баярлаг.
18Эс тэгвээс ЭЗЭН үүнийг хараад, таалахгүй тул,
Дайснаас чинь уур хилэнгээ буцаан авч юу магад.
19Хорон мууг үйлдэгсдээс болж сэтгэлдээ бүү тавгүйрх.
Хар санаатанд бүү атаарх.
20Учир нь хорон муу хүн ирээдүйгүй.
Хар санаатны дэнлүү бөхнө.
21Хүү минь, ЭЗЭНээс болон хаанаас эмээгтүн.
Тэднийг эсэргүүцэгч нартай бүү нийл.
22Учир нь тэдний гамшгууд гэнэт гарч ирнэ.
Хэн хэнээс нь ирэх эвдрэл сүйрлийг хэн мэдэх билээ?
23Эдгээр нь ч гэсэн мэргэн хүмүүсийн үгс юм.
Шүүх дээр тал засах нь сайн зүйл биш.
24Хар санаатай хүнд
“Чинийх зөв шударга” гэж хэлэгчийг хүмүүс зүхэх бөгөөд
Улс үндэстнээрээ түүнд зэвүүцнэ.
25Харин хар санаатныг зэмлэгчдэд талархал байх болно.
Тэдний дээр сайн ерөөл оршино.
26Зөв хариулт өгсөн хүн уруул дээр үнсэж буй хэрэг.
27Байшин барихаасаа өмнө гаднах ажлаа цэгцэлж,
Хээр талд буй юмсаа бэлэн болго.
28Шалтгаангүйгээр хөршийнхөө эсрэг гэрчилж болохгүй.
Уруулаараа бүү мэхэл.
29“Тэр надад яаж хандсан шиг би мөн түүнд тэгж хандана.
Тэр шангаа хүртэнэ дээ” гэж бүү хэл.
30Залхуугийн тариан талбай болон ухаангүй хүний усан үзмийн цэцэрлэгийн дэргэдүүр би өнгөрөв.
31Тэгтэл бүх талбай нь хогийн ургамалд баригдсан,
Халгайгаар дүүрсэн ба чулуун хашаа нь нурсан байлаа.
32Би харуутаа л энэ дүр зургийг өөр дээрээ тусгаж үзээд, эндээс сургамж авав.
33“Жаахан унтчихъя.
Жаахан дугхийчихье.
Жаахан гараа хумхин амраадахъя” гэсээр байтал
34ядуурал чинь хулгайч мэт ирж, хүслэн чинь зэвсэглэсэн хүн мэт болох вий.

Одоогоор Сонгогдсон:

СУРГААЛТ ҮГС 24: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү