ТООЛЛОГО 14:1-35

ТООЛЛОГО 14:1-35 АБ2004

Дараа нь бүх чуулган өөрсдийн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав. Израилийн бүх хөвгүүд Мосе, Аарон нарын эсрэг гомдоллож байв. Бүхэл чуулган тэдэнд —Бид Египетийн нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой! ЭЗЭН яагаад биднийг энэ нутагт авчирч байгаа юм бэ? Илдэнд унагаахаар уу? Бидний эхнэрүүд, бидний бяцхан хүүхдүүд олз болох болно. Египет уруу буцсан нь бидэнд дээр байх юм биш үү? гэж байв. Тийнхүү тэд бие биедээ —Цөмөөрөө удирдагчийг томилоод Египет уруу буцацгаая гэв. Дараа нь нь Мосе, Аарон нар Израилийн хөвгүүдийн чуулганы бүх цугларалтын өмнө нүүрээрээ унацгаав. Тэр нутгийг тагнасан хүмүүсийн дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урав. Тэд Израилийн хөвгүүдийн бүх чуулганд хандаж ярин —Бидний тагнахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг болой. Хэрэв ЭЗЭН биднийг таалбал, Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү, зөгийн балаар бялхсан нутгийг бидэнд өгөх болно. Зөвхөн ЭЗЭНий эсрэг бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Учир нь тэд бидний олз болох болно. Тэдний хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ. Гэвч бүх чуулган тэдэн уруу чулуу чулууд гэцгээж байлаа. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан хурлын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв. ЭЗЭН Мосед хандан —Энэ ард түмэн хэр удаан Намайг голох вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдгүүдийг үл ойшоон тэд хэр удаан Надад итгэхгүй байх юм бэ? Би тэднийг тахлаар цохиж, тэднийг устгах болно. Би чамайг тэднээс илүү агуу, илүү хүчирхэг үндэстэн болгоно гэв. Гэвч Мосе ЭЗЭНд —Тэгвэл Та Өөрийн хүчээр энэ ард олныг египетчүүдийн дундаас гаргасан учир тэд үүнийг сонсоод, энэ нутгийн оршин суугчдад ярих болно. Таны үүл тэдний дээр тогтон байх зуур, ЭЗЭН Та нүүр нүүрээрээ тулан харагддаг тул ЭЗЭН Та энэ ард олны дунд байгааг тэд сонсоцгоосон билээ. Та тэдний өмнө өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар явдаг. Одоо хэрэв Та энэ ард олныг нэг хүн мэт алах аваас, Таны алдар сууг сонссон үндэстнүүд “ЭЗЭН тэдэнд тангараглан амласан нутагт энэ ард түмнийг аваачиж чадаагүй учраас Тэр тэднийг цөлд алав” хэмээн ярих болно. Харин одоо би залбирч байна. Таны тунхагласан шиг Эзэний хүч чадал нь агуу байг. “ЭЗЭН бол уурлахдаа удаан, хайр энэрлээр элбэг, гэм нүгэл, хууль бусыг уучилдаг. Харин Тэр гэм бурууг шийтгэлгүй орхидоггүй бөгөөд эцгүүдийнх нь гэм бурууг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл буулгадаг”. Би залбиран гуйя, Та энэ ард түмнийг Египетээс одоог хүртэл уучилсаар ирсэн шигээ Өөрийн хайр энэрлийн аугаа байдлын дагуу энэ ард түмний хууль бус явдлыг уучлаач гэлээ. Тийнхүү ЭЗЭН айлдан —Чиний үгээр Би тэднийг уучиллаа. Харин үнэхээр Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно. Үнэхээр Египет болон цөлд Миний бүтээсэн тэмдгүүд болон Миний цог жавхланг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүмүүс, өвөг дээдэст нь Миний амласан тэр нутгийг яасан ч үзэхгүй бөгөөд Намайг голсон хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй. Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байн, Намайг бүрэн дагаж байсан тул түүний орсон тэр нутаг уруу нь Би аваачих бөгөөд түүний үр удам нь тэр газрыг эзэмших болно. Амалекчууд болон канаанчууд хөндий талд амьдарч байгаа. Маргааш буцан, Улаан тэнгисийн замаар буй цөл уруу хөдлөгтүн гэв. ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин айлдахдаа — Миний эсрэг гомдоллож буй энэ хорон муу чуулганыг Би хэр удаан тэсвэрлэх вэ? Миний эсрэг гомдоллож буй Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон. Тэдэнд ийн хэл. ЭЗЭН айлдаж байна. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар Миний чихэнд ярьсантай адил түүнчлэн Би та нарт үнэхээр хийх болно. Миний эсрэг гомдоллосон хорь ба түүнээс дээш насны гүйцэд тоологдсон тооныхоо дагуу та нараас тоологдсон бүх хүний цогцос нь энэ цөлд унах болно. Миний та нарыг суурьшуулахаар тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй. Харин олз болох нь хэмээн та нарын хэлсэн хүүхдүүдийг чинь Би оруулж, та нарын эс тоомсорлосон тэр нутгийг тэд мэдэх болой. Харин та нарын хувьд, цогцсууд чинь энэ цөлд унах болно. Хөвгүүд чинь цөлд дөчин жилийн турш хоньчид байх болно. Та нарын цогцсыг цөлд унах хүртэл та нарын үнэнч бус байдлын чинь төлөө тэд зовох болно. Дөчин хоног буюу та нарын тэр нутгийг тагнасан өдрүүдийн тоо ёсоор, өдөр бүрийн төлөө нэг жил буюу дөчин жилийн турш та нар өөрсдийн гэм бурууг үүрнэ. Та нар Миний эсэргүүцлийг мэдэх болно. ЭЗЭН Би айлдав. Миний эсрэг хамтдаа цугласан энэ бүх хорон муу чуулганд Би үүнийг үнэхээр хийх болно. Тэд энэ цөлд устгагдаж, тэнд үхэх болно” хэмээв.