ТООЛЛОГО 10:11-36

ТООЛЛОГО 10:11-36 АБ2004

Хоёр дахь жилийн хоёрдугаар сард, уг сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарч хөдөлцгөөв. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов. Ийнхүү Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу тэд анх удаа нүүлээ. Эхэнд Иудагийн хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу, өөрсдийн цэргийн захирагч, Амминадабын хүү Нахшонтай хамт, Иссахарын хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Зуарын хүү Нетанелтай хамт, Зебулуны хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Хелоны хүү Елиабтай хамт хөдлөв. Дараа нь асрыг буулгасан бөгөөд асрыг авч явж байсан Гершоны хөвгүүд болон Мерарийн хөвгүүд хөдлөв. Дараа нь Реубений хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу, өөрсдийн цэргийн захирагч, Шедеурын хүү Елизуртай хамт, Симеоны хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Зуришаддаин хүү Шелумиелтэй хамт, Гадын хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Деуелийн хүү Елиасафтай хамт хөдлөв. Дараа нь кохатчууд ариун зүйлсийг авч хөдөлсөн бөгөөд тэднийг хүрч очихоос өмнө асар босгогдсон байлаа. Дараа нь Ефраимын хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу өөрсдийн цэргийн захирагч, Аммихудын хүү Елишаматай хамт, Манассегийн хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Педахзурын хүү Гамалиелтай хамт, Бениамины хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Гидеонийн хүү Абидантай хамт хөдлөв. Дараа нь бүх хуарангуудын төлөөх арын хамгаалалт болох Даны хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу өөрсдийн цэргийн захирагч, Аммишаддаин хүү Ахиезертэй хамт, мөн Ашерын хөвгүүдийн овгийн цэргийн тэргүүн болох Охраны хүү Пагиелтай хамт, Нафталийн хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Енаны хүү Ахиратай хамт хөдлөв. Энэ бол цэргийн бүлэглэлүүдийн дагуу хөдлөх Израилийн хөвгүүдийн жагсаалын дараалал байлаа. Дараа нь Мосе өөрийн хадам эцэг, мидиан хүн Реуелийн хүү Хобабд —“Би үүнийг та нарт өгөх болно” гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. Бидэнтэй хамт явагтун. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бид танд сайныг хийх болно гэв. Гэвч тэр Мосед —Би явахгүй. Харин би өөрийн нутаг, төрөл садан уруугаа явна гэв. Тэгтэл тэр —Биднийг бүү орхиоч. Биднийг цөлд хаана буудаллах ёстойг та мэдэх учраас та бидэнд нүд мэт байх болно. Ёсоор болж, хэрэв та бидэнтэй хамт явах аваас бидний төлөө ЭЗЭНий хийх аливаа сайныг бид таны төлөө хийх болно гэв. Ийнхүү гурван хоногийн аянаар тэд ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд тэдэнд амрах газрыг олохоор тэдний урд талд гурван өдрийн туршид ЭЗЭНий гэрээний авдар явав. Тэднийг хуарангаас хөдлөх үед, ЭЗЭНий үүл өдрөөр тэдний дээр байв. Авдрыг хөдлөх үед Мосе —ЭЗЭН, босооч! Таны дайснууд бутран тарж, Таныг үзэн ядагчид нь Таны өмнөөс зугтах болтугай гэж хэлэв. Амрах болоход тэрээр —ЭЗЭН, Та Израилийн үй түмэн мянгатууддаа ирээч гэж хэлэв.