НЕХЕМИА 8:1-12

НЕХЕМИА 8:1-12 АБ2004

Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны Хаалганы урд талд байрлах талбайд цуглажээ. ЭЗЭНий Израильд өгсөн Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ. Тэгээд долдугаар сарын анхны өдөр тахилч Езра эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон ойлгон сонсож чадах бүгдийн өмнө буюу чуулганы өмнө хуулийг авчирлаа. Тэр эрэгтэй, эмэгтэй, ойлгох чадвартай хүмүүсийн өмнө Усны Хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс үд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номд анхааралтай хандаж байв. Гүүш Езра хүмүүсийн тусгай зориулалтаар барьсан модон тавцан дээр зогсож байв. Түүний хажууд, баруун гарт нь Маттитиа, Шема, Анаиа, Уриа, Хилкиа болон Маасеиа нар, зүүн гарт нь Педаиа, Мишаел, Малхиа, Хашум, Хашбаддана, Зехариа болон Мешуллам нар зогсож байв. Езра бүх хүмүүсээс дээр зогсож байсан учраас бүх хүмүүсийг харж байхад номыг нээлээ. Тэр номыг нээмэгц бүх ард олон босож зогсоцгоов. Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтав. Бүх ард түмэн гараа өргөн, “Амен, Амен!” хэмээн хариулжээ. Тэгээд тэд доош бөхийн, нүүрээ газарт хүргэн, ЭЗЭНд мөргөв. Мөн хүмүүсийг байрандаа байх зуур Иешуа, Бани, Шеребиа, Иамин, Аккуб, Шаббетаи, Ходиа, Маасеиа, Келита, Азариа, Иозабад, Ханан, Пелаиа нар болон левичүүд ард түмэнд хуулийг тайлбарлажээ. Тэд номоос Бурханы хуулиас уншиж, уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд тайлбарлажээ. Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра, мөн бүх ард түмэнд хуулийг заасан левичүүд нь бүх ард түмэнд хандан —Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун юм. Бүү гашуудан уйлагтун гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв. Тэгээд тэр тэдэнд —Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр бидний Эзэнд ариун юм. Бүү гашууд. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан бол та нарын хүч чадал юм гэсэн. Тиймээс левичүүд бүх ард түмнийг намжаан, өнөөдөр нь ариун өдөр учраас чимээгүй байцгаа. Бүү гашуудагтун гэж хэлэв. Бүх ард түмэн идэж, ууж, хувь илгээж, том баяр наадмыг тэмдэглэхээр явцгаав. Учир нь тэдэнд мэдүүлсэн үгсийг тэд ойлгожээ.