МАРK 15:1-39

МАРK 15:1-39 АБ2004

Өглөө эрт тэр даруй ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар болон бүх Зөвлөлийн хамт зөвлөлдөөд, Есүсийг хүлж, Түүнийг авч яван Пилатад тушаав. Пилат Есүсээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд, Есүс хариуд нь —Таны хэлж байгаа нь мөн гэлээ. Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав. Пилат Түүнээс дахин асууж —Та ямар ч хариулт өгөхгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв. Гэвч Есүс өөр ямар ч хариулт өгсөнгүйд Пилат ихэд гайхав. Баяраар тэр хүмүүсийн хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг байлаа. Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв. Хурсан олон ирж, өөрсдийнх нь төлөө юу хийж заншсаны дагуу үйлдэхийг Пилатаас гуйж эхлэв. Пилат тэдэнд —Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв. Учир нь ахлах тахилч нар атаархснаасаа болж Есүсийг тушаасныг Пилат мэдэж байлаа. Гэвч ахлах тахилч нар оронд нь Барабыг сулла гэж гуй хэмээн цугласан олныг ятган үймүүлэв. Тиймд Пилат тэдэнд дахин —Тэгвэл та нарын иудейчүүдийн Хаан гэж [нэрлээд байгаа] Хүнийг надаар яалгахыг [хүсэж] байна вэ? гэхэд тэд —Түүнийг цовдол гэж хашхиралдлаа. Харин Пилат —Яагаад, Тэр ямар муу юм хийсэн бэ? гэж хэлэхэд тэд —Түүнийг цовдол гэж бүр ч их хашхирч гарав. Хурсан олонд нийцүүлэхийг хүсээд, Пилат Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулсны дараа цовдлохыг тушаалаа. Цэргүүд Есүсийг ордны (тэр нь Праеториум юм) хашаанд аваачив. Ромын явган цэргийн бүтэн ангийг цуглуулсан байлаа. Тэд Есүст час улаан нөмрөг өмсгөж, үүргэнээр титэм сүлжээд Түүний дээр тавиад, — Иудейчүүдийн Хаан, мэнд хүргэе гэж тохуурхаж байв. Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөсөөр байлаа. Тэд Есүсийг элэглэн дооглосны дараа, улаан нөмрөгийг нь авч, Өөрийнх нь хувцсыг өмсгөв. Тэгээд тэд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа. Хөдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан (Александр, Руф хоёрын эцэг) Курений Симонд Есүсийн загалмайг үүрэхийг тэд албадав. Тэд Түүнийг Голгота хэмээх газар (орчуулбал «Гавлын Газар») авчирлаа. Цэргүүд Есүст мирртэй дарс өгсөн боловч Тэр авсангүй. Тэд Есүсийг цовдлоод, хэн юу авахаа үзэхээр шодож хувцсыг нь хоорондоо хуваав. Тэд Түүнийг цовдлох үед гуравдугаар цаг байсан юм. Ялынх нь пайзан дээр «Иудейчүүдийн Хаан» гэж бичсэн байлаа. Цэргүүд Есүстэй хамт хоёр дээрэмчнийг, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдолжээ. [«Тэр хилэнцэтнүүдийн хамт тоологдсон» гэсэн Судар биелэгдэв.] Түүгээр өнгөрөн явагсад Есүсийг басамжлан доромжилж, толгойгоо сэгсрэн —Өө! Сүмийг устгаад гурван хоногт дахин баригч Та Өөрийгөө авраач! Наад загалмайнаасаа буугаач! гэж байлаа. Мөн түүнчлэн ахлах тахилч нар хуулийн багш нарын хамт Түүнийг элэглэн дооглож, өөр хоорондоо —Тэр бусдыг аварсан. Тэр Өөрийгөө аварч чадахгүй. Израилийн Хаан энэ Христ, одоо загалмайнаасаа буу л даа. Тэгвэл бид хараад, итгэе гэж байв. Есүстэй хамт цовдлогдсон тэр хүмүүс ч мөн адил Түүнийг доромжилж байлаа. Зургадугаар цаг болоход, харанхуй есдүгээр цаг хүртэл бүх газрыг бүрхэв. Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лама сабахтани? буюу орчуулбал «Миний Бурхан, Миний Бурхан, юунд Та Намайг орхив?» гэж хашхирлаа. Тэнд зогсож байсан хүмүүсээс зарим нь үүнийг сонсоод, —Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэжээ. Нэг нь гүйгээд, далайн хөвөнд цагаан цууг шингээн хулсны үзүүрт тохоод, Түүнд уулгахаар өгөхдөө —Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс чанга дуу гаргаад, эцсийн амьсгалаа хураав. Сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хэсэг болон урагдсан байв. Түүний эсрэг талд нь зогсож байсан зуутын дарга Есүсийг эцсийн амьсгалаа хэрхэн авахыг хараад, —Энэ хүн үнэхээр Бурханы Хүү байсан байна гэжээ.