МАРK 1:1-22

МАРK 1:1-22 АБ2004

[Бурханы Хүү] Есүс Христийн сайн мэдээний эхлэл. Эш үзүүлэгч Исаиагийн номд бичигдэхдээ «Харагтун. Би Чиний өмнө замыг чинь бэлдэх элчээ илгээнэ. Цөлд хашхирагч нэгний дуу “ЭЗЭНий замыг бэлтгэгтүн, Түүний замыг шулуун болгогтун” гэнэ» гэсэнчлэн баптисм хүртээгч Иохан цөлд ирж, нүглийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байв. Бүх Иудей нутгийнхан, Иерусалимын бүх хүн Иохан уруу очиж нүглээ хүлээн зөвшөөрч, Иордан голд түүнээс баптисм хүртэж байлаа. Иохан тэмээний ноосон хувцас өмсөж, суран бүс бүсэлжээ. Тэр царцаа, зэрлэг зөгийн балаар хооллодог байжээ. Тэр тунхаглаж —Надаас хүчирхэг Нэгэн араас минь ирж байна. Би доош бөхийж, Түүний шаахайн сурыг тайлах нь зохисгүй. Би та нарт усаар баптисм хүртээсэн, харин Тэр та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээнэ гэв. Тэр өдрүүдэд Есүс Галилын Назар хотоос ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ. Голын уснаас гарч ирсэн тэр даруй тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэт Өөр дээр нь буухыг Есүс үзэв. Тэнгэрээс дуу гарч, —Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог хэмээв. Тэр даруйд Сүнс Есүсийг цөл уруу явуулав. Есүс Сатанд соригдон цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын хамт байсан бөгөөд тэнгэр элч нар Түүнд үйлчилж байлаа. Иоханыг хоригдсоны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайн мэдээг тунхаглан, — Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн гэж байлаа. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор тавьж буй Симон, Симоны дүү Андрей нарыг харав. Тэд загасчид ажээ. Есүс тэдэнд —Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоё гэж айлдав. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. Тэр жаахан цааш яваад Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан нарыг завин дотроо тороо сэлбэж буйг харав. Тэр даруйд Тэр тэднийг дуудсанд, тэд завинд эцэг Зебедеегээ хөлсний ажилчдын хамт орхиж, Есүсийг даган одоцгоолоо. Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт ороод сургаж эхлэв. Хүмүүс Түүний сургаалыг гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг биш, эрх мэдэлтэй нэгэн мэт тэдэнд сургаж байв.