МАТАЙ 6:25-33
МАТАЙ 6:25-33 АБ2004
Ийм учраас Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ, юу уух билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж ч бүү санаа зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш үү? Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү? Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ? Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм. Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ? Тиймээс “Бид юу идэх билээ?”, “Юу уух билээ?”, эсвэл “Юу өмсөх билээ” гэж бүү санаа зов. Харь үндэстнүүд энэ бүх зүйлсийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.