МАТАЙ 27:45-56

МАТАЙ 27:45-56 АБ2004

Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа. Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар —Ели, Ели, лама сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж. Тэнд зогсож байсан хүмүүсийн зарим нь үүнийг сонсоод, —Энэ хүн Елиаг дуудаж байна гэв. Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, хулсанд торгоон, Түүнд уулгахаар өглөө. Харин бусад нь —Елиа Түүнийг аврахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс дахин чангаар хашхираад Өөрийн сүнсээ гаргажээ. Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуу урагдаж, газар хөдлөн, хад чулуу бут хагаран, булш нээгдэн, нойрссон олон ариун хүмүүсийн биес амилуулагдаж, Есүсийн амилалтын дараа булшнуудаасаа гарч ариун хотод орж, олон хүнд харагджээ. Есүсийг харгалзаж байсан зуутын дарга болон харуулууд газар хөдлөлт болон болж буй бүхнийг хараад ихэд айн, —Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ гэв. Есүст үйлчилж, Түүнийг Галилаас дагаж ирсэн олон эмэгтэйчүүд тэнд холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон Иаков, Иосеф хоёрын эх Мариа, мөн Зебедеен хөвгүүдийн эх ч байв.

МАТАЙ 27:45-56 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв