МАТАЙ 24:23-51

МАТАЙ 24:23-51 АБ2004

Хэрэв хэн нэгэн та нарт “Харагтун, Христ энд байна”, эсвэл “Тэнд” гэвэл түүнд бүү итгэ. Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн. Тиймээс хэрэв тэд та нарт “Хараач, Тэр цөлд байна” гэвэл бүү оч, эсвэл “Хараач, Тэр дотоод өрөөнд байна” гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно. Хүүр байгаа газар тас шувууд цуглардаг. Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр хүч болоод агуу цог жавхлантайгаар ирэхийг харна. Тэр тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно. Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжир модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа зулзагалуулахад зун ойртжээ гэдгийг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, Түүнийг ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй. Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй. Харин тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ. Учир нь Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно. Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино. Тиймээс Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн тэргүүлэгч шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ. Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит ухаалаг боол нь хэн бэ? Түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье, эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана. Харин муу боол нь зүрхэндээ “Эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй” гээд өөрийн анд нөхөд болох боолуудаа зодож, архичидтай идэж ууж эхэлбэл, эзнээ ирнэ гэж хүлээгээгүй өдөр, мэдэхгүй цагт нь мөнөөх боолын эзэн ирж, түүнийг үхтэл нь зодож, хоёр нүүртэнгүүдтэй хамт нэг газарт байрлуулна. Тэгээд тэнд уйлж, шүдээ хавирах болно.