МАТАЙ 14
14
1Тэр үед захирагч Херод Есүсийн тухай сураг сонсов. 2Херод зарц нартаа
—Энэ бол баптисм хүртээгч Иохан мөн. Тэр үхлээс амилжээ. Түүний дотор гайхамшигт хүч үйлчилж байгаагийн учир нь энэ юм гэжээ. 3Учир нь Херод дүү Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж шоронд хорьсон байлаа. 4Яагаад гэвэл Иохан Херодод
—Та хууль бусаар Херодиаг авсан байна гэж хэлсэн ажээ. 5Хэдийгээр тэр Иоханыг алахыг хүссэн боловч хурсан олноос айж байлаа. Учир нь тэд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байв. 6Харин Херодын төрсөн өдрөөр Херодиагийн охин олны өмнө бүжиглэж, Херодод таалагдав. 7Тиймээс Херод түүнд юу гуйсныг чинь өгье гэж андгайлан амлав. 8Охин эхийнхээ ятгаснаар
—Энэ царан дээр баптисм хүртээгч Иоханы толгойг тавиад надад өгөөч гэж гуйжээ. 9Хэдийгээр хаан харууссан боловч өгсөн андгай болон ирсэн зочдоосоо болоод өгтүгэй гэж тушаав. 10Ингээд тэр хүн илгээж Иоханыг шоронд цаазлуулжээ. 11Толгойг нь царан дээр авчирч охинд өгсөнд тэр эхдээ аваачиж өгөв. 12Иоханы шавь нар ирээд биеийг нь аван оршуулаад, явж Есүст мэдэгдэв.
13Есүс үүнийг сонсоод тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод, хотоос гарч Түүнийг явганаар дагалаа. 14Эрэг дээр гарахдаа Есүс асар олон хүн байхыг хараад тэднийг ихэд өрөвдөн, өвчтөнүүдийг нь эдгээв. 15Орой болох үед шавь нар нь Түүн дээр ирж,
—Энэ газар зэлүүд мөн цаг хэдийн талийжээ. Хурсан олныг тараан явуулаач! Тэгвэл тэд гацаанууд уруу явж, өөрсдөдөө хоол хүнс худалдаж авах болно шүү дээ гэцгээв. 16Харин Есүс тэдэнд
—Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг гэхэд, 17тэд Түүнд
—Бидэнд ердөө л таван талх, хоёрхон загас байна гэсэнд
— 18Нааш нь аваад ир гэж Тэр хэлэв. 19Есүс хурсан олонд зүлгэн дээр суухыг тушаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэж, хүнсийг ерөөгөөд талхаа хувааж шавь нартаа өгөв. Шавь нар нь хурсан олонд өгөхөд 20тэд бүгд идэж, цаджээ. Тэгээд тэд үлдэгдэл өвдөл цөвдлийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. 21Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрчүүд байж идсэн ажээ.
22Есүс хурсан олныг явуулах зуураа даруй шавь нараа завинд нь албадан суулгаж, Өөрийнхөө түрүүнд тэднийг нөгөө эрэг уруу явуулав. 23Хурсан олныг явуулсны дараа Тэр ганцаараа залбирахаар ууланд гарчээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв. 24Харин завь хэдийн эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь салхилж байсан тул давалгаанд түрэгдэн байлаа. 25Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав. 26Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад шавь нар нь сандарч,
—Энэ чинь хий үзэгдэл байна гээд айснаасаа болж хашхиралдав. 27Харин тэр даруй Есүс тэдэнд
—Зоригтой бай. Би байна. Бүү ай гэжээ. 28Петр Түүнд
—Эзэн, хэрэв Та мөн юм бол, усан дээгүүр алхаж Өөр уруу тань ирэхийг надад тушаагаач гэхэд 29Тэр
—Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав. 30Харин Петр салхи хараад, айн, живж эхлэв. Тэгээд
—Эзэн, намайг авраач гэж орилоход нь, 31Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зууран,
—Бага итгэлт минь, чи юунд эргэлзэв? гэжээ. 32Тэр хоёрыг завин дээр гарахад, салхи зогсжээ. 33Завин дээр байсан хүмүүс Түүнд мөргөж
—Та бол үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.
34Тэгээд тэд нуурыг гаталж, Геннесаретын нутагт хүрчээ. 35Тэр нутгийн хүмүүс Түүнийг таниад, хавь орчмынхоо бүх газарт хүн илгээж өвчтэй хүн бүрийг Түүн уруу авчирлаа. 36Тэд зөвхөн дээлийнх нь хормойд гар хүрэхийг л гуйж байв. Тэгээд хүрсэн бүхэн эдгэж байлаа.
Одоогоор Сонгогдсон:
МАТАЙ 14: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society