ЛУК 9:28-62

ЛУК 9:28-62 АБ2004

Ийнхүү айлдсанаас хойш найм хоногийн дараа Тэр Петр, Иохан, Иаков нарыг дагуулан залбирахаар уул өөд гарлаа. Түүнийг залбирч байхад нүүрнийх нь төрх өөрчлөгдөж, хувцас нь цагаан өнгөтэй болж, гялалзаж байжээ. Үзэгтүн, хоёр хүн Түүнтэй ярилцаж байсан бөгөөд тэд Мосе, Елиа нар байв. Тэд цог жавхлантайгаар үзэгдэж, Иерусалимд гүйцээгдэх Түүний үхлийн тухай ярьж байлаа. Петр болон түүний нөхөд нойрондоо дийлдсэн байсан, харин бүрэн сэргэхдээ Түүний цог жавхланг, Түүнтэй хамт зогсох хоёр хүнийг ч бас харав. Тэднийг Есүсээс холдон явахад, Петр Есүст —Эзэнтэн, энд байгаа нь бидэнд сайн байна. Бид гурван цацар, нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад барьж өгье гэв. Тэр юу ярьж байгаагаа ч ойлгоогүй байлаа. Түүнийг ийнхүү хэлж байтал үүл гаран тэднийг бүрхэж эхэллээ. Тэд үүлэн дотор байхдаа ихэд айжээ. Тэгээд үүлнээс —Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав. Тийнхүү дуу гарсны дараа Есүс ганцаараа байж байлаа. Тэд юу харснаа тэр өдрүүдэд хэнд ч хэлсэнгүй, чив чимээгүй байлаа. Маргааш нь тэднийг уулаас буун ирэхэд үй олон хүн Түүнийг тосон авав. Үзэгтүн, хурсан олны дундаас нэгэн хүн —Багш аа, хүүг маань үзээч гэж би Танаас гуйж байна. Учир нь тэр миний ганц хүү юм. Хар л даа. Сүнс хүүг минь эзэмддэг. Тэр минь гэнэт орилон чарлаж, амнаасаа хөөс сахруулж, тарчлан байж арайхийн түүнээс салдаг. Энэ сүнсийг зайлуулаач гэж би Таны шавь нараас гуйхад тэд чадсангүй гэхэд Есүс тэдэнд —Итгэлгүй, завхарсан үеийнхээн, Би хэр удаан та нартай хамт байж, та нарыг тэвчих вэ? Хүүгээ энд аваад ир гэв. Ойртон ирэх зуур нь чөтгөр түүнийг газар унагахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зэмлээд, хүүг эдгээж, эцэгт нь эргүүлэн өгөв. Бурханы аугааг бүгд бахдан байлаа. Есүсийн үйлдсэн бүхнийг хүн бүр гайхаж байхад нь Тэр шавь нартаа — Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс эдгээр үгсийг чихэндээ шингээ гэв. Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ үгс нь учир битүүлэг байжээ. Тэд Түүнээс хэлсэн үгийн тухай асуухаас ч эмээцгээв. Хэн нь хамгийн агуу болох тухай маргаан шавь нарын дунд өрнөв. Харин Есүс тэдний зүрхэн дэх бодол санааг мэдэн, нэгэн хүүхдийг авч дэргэдээ зогсоогоод, — Хэн энэ хүүхдийг Миний нэрээр хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг. Хэн Намайг хүлээн авна, тэр нь Намайг илгээсэн Түүнийг хүлээн авдаг. Учир нь та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм гэж тэдэнд хэлэв. Иохан —Эзэнтэн, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байгаа нэг хүнийг бид хараад түүнд саад хийв. Яагаад гэвэл тэр хүн бидэнтэй хамт дагадаггүй шүү дээ гэхэд нь Есүс —Түүнд бүү саад хий. Хэн та нарыг үл эсэргүүцнэ, тэр нь та нарын талд юм гэж айлдав. Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорьлоо. Тэр Өөрийн өмнө элч нараа илгээв. Тэд явж, Түүний төлөөх бэлтгэлийг хангахаар самаричуудын сууринд очжээ. Тэр Иерусалимыг зорин явж байсан тул тэндхийн хүмүүс Түүнийг хүлээн авсангүй. Түүний шавь нар болох Иаков, Иохан нар үүнийг хараад, Түүнд —Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд Тэр эргэн тэднийг зэмлэв. [—Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй. Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ.] Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав. Тэднийг замд явж байтал хэн нэг нь Түүнд —Би Таныг хаа ч явсан дагая гэв. Есүс түүнд —Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий. Харин Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй гээд өөр нэгэнд —Намайг дага гэхэд тэр хүн —Эхлээд явж, эцгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ. Гэтэл Есүс —Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж, Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв. Бас өөр нэг нь Түүнд —Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд харин Есүс —Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ гэж айлджээ.

ЛУК 9:28-62 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв