ЛУК 4:1-15
ЛУК 4:1-15 АБ2004
Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн, дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр үеийн турш Тэр юу ч идээгүй учир тэдгээр өдрүүдийг дууссаны дараа ихэд өлсжээ. Диавол Түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунд талх бол гэж тушаа л даа гэв. Есүс —“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж бичигдсэн байдаг гэлээ. Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур дэлхийн бүх хаанчлалуудыг үзүүлэв. Тэгээд диавол Түүнд —Энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би үүнийг хүссэн хүндээ өгч чадна. Тиймээс хэрэв Чи надад мөргөвөл, энэ бүгд Чинийх болно гэхэд Есүс түүнд —“Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг гэв. Тэр Түүнийг Иерусалим уруу аваачаад сүмийн орой дээр зогсоогоод, түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доошоо үсэр. “Чамайг хамгаалах үүргийг Тэр тэнгэр элч нартаа өгнө” мөн “Тэд гар дээрээ Чамайг өргөөд авч явна. Ингэснээр Чи хөлөө чулуунд цохихгүй юм” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд, Есүс —“Чи өөрийн Бурхан Эзэнээ сорьж үл болно” гэж бас айлдсан байдаг гэлээ. Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ. Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа. Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв.