ЛУК 20:1-26
ЛУК 20:1-26 АБ2004
Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайн мэдээг дэлгэрүүлэн байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчид цугтаа Түүн уруу ирж, Түүнд —Та ямар эрх мэдлээр энэ бүхнийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгснийг бидэнд хэл? гэсэнд Тэр хариуд нь —Би мөн та нараас нэг зүйлийг асууя. Надад та нар хэл. Иоханы баптисм тэнгэрээс ирсэн үү, эсвэл хүмүүсээс ирсэн үү? гэв. Тэд өөр хоорондоо —Хэрэв бид “Тэнгэрээс” гэвэл, Тэр “Тэгээд та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ. Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан хэмээн үздэг тул бидэн уруу чулуу шидэж ална шүү дээ гэж хэлэлцээд, тэд —Хаанаас ирснийг нь бид мэдэхгүй гэв. Тэгэхэд нь Есүс —Би ч гэсэн энэ бүхнийг ямар эрх мэдлээр үйлддэгээ та нарт хэлэхгүй гэжээ. Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар холын аянд гарчээ. Тэгээд ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тэдэн уруу боолоо явуулжээ. Гэтэл усан үзмийн тариаланчид түүнийг зодоод, гар хоосон буцаав. Тэр өөр боолоо явуулсанд, тэд бас л түүнийг зодож доромжлон гутаагаад, гар хоосон буцаажээ. Тэр гурав дахийг нь явуулахад, тэд боолыг нь зодож гэмтээгээд хөөн явуулжээ. Тэгээд усан үзмийн цэцэрлэгийн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүгээ явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв. Харин усан үзмийн тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч байна. Түүнийг алчихъя. Хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо зөвшилцөөд, тэд түүнийг усан үзмийн цэцэрлэгээс гарган хаяж, алжээ. Тэгвэл усан үзмийн цэцэрлэгийн эзэн тэднийг яах вэ? Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн цэцэрлэгээ өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс —Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд Есүс тэднийг хараад, —Тэгвэл “Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов” гэж бичигдсэн нь ямар учиртай вэ? Тэр чулуун дээр унах хүн бүр хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав. Яг тэр үед хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг завдсан ч, ард олноос айв. Учир нь Есүс сургаалт зүйрлэлийг тэдний эсрэг айлдсаныг тэд ойлгосон ажээ. Тэд Түүнийг ажиглан, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Ингэсэн нь Түүнийг үгэн дээр нь олзлон барьж захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой байв. Тэд Түүнээс —Багш аа, Таныг зөв ярьж, сургадаг агаад хэнийг ч ялгалгүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань бид мэднэ. Цезарьт татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув. Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд хандан — Надад денар үзүүлээч. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд —Цезарийнх гэжээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав. Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултанд нь гайхацгаан дуугаа хураав.