ЛУК 2:1-21

ЛУК 2:1-21 АБ2004

Тэр өдрүүдэд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг гарчээ. Энэ нь Куирини Сирийн захирагч байсан үед хийсэн анхны тооллого байлаа. Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав. Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу хүүхэдтэй болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр явав. Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй. Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ. Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэр элч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан, — Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв. Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биедээ —Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ. Тэд яаран ирж, Мариа, Иосеф болон тэжээлийн тэвшин дотор хэвтэж буй Хүүг олж очив. Тэд үүнийг хараад мөнөөх Хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм. Өөрсдөд нь хэлүүлсний дагуу сонсож, үзсэн болгоныхоо төлөө хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа. Найман өдрийн дараа Түүний хөвчийг хөндөн Түүнд Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэр элч энэ нэрийг өгсөн ажээ.