ЛУК 18:31-43
ЛУК 18:31-43 АБ2004
Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд —Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав. Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ. Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв. Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ. Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв. Тэгтэл мөнөөх сохор хүн —Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч! гэхэд түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар —Давидын Хүү, намайг өршөөгөөч! гэж хашхирав. Есүс зогсож, түүнийг Өөр уруу нь авчрахыг тушаав. Сохор эрийг ирмэгц, Тэр түүнээс — Өөрийнхөө төлөө чи Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэсэнд, тэр —Эзэн, би дахин харахыг хүсэж байна гэхэд Есүс түүнд —Хараа ор. Итгэл чинь чамайг эдгээв гэжээ. Өнөөх хүн тэр даруйдаа харах болж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.