ЛУК 11

11
1Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд
—Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ. 2Тэр тэдэнд
—Та нар залбирахдаа,
“Эцэг, Таны нэр ариунаар дуурсгагдаг.
Таны хаанчлал ирэх болтугай.
3Өдөр тутмын минь талхыг өдөр бүр бидэнд өгөөч.
4Бидний нүглийг уучлаач.
Учир нь бид ч мөн бидэнд өртэй алив нэгнийг уучилдаг.
Биднийг сорилт уруу бүү удирдаач” гэж хэл гэв.
5Тэгээд Тэр тэдэнд
—Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч, 6найз маань холоос над дээр иржээ. Түүний өмнө тавих юм надад юу ч алга” гэхэд нь 7дотроос тэр “Битгий надад төвөг удаад бай. Хаалгаа хэдийн түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй” гэжээ. 8Би та нарт хэлье. Хэрэв тэр хүн анд нөхрөө гээд босож, юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно. 9Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. 10Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. 11Эцгүүд та нарын нэгээс чинь хүү нь загас гуйвал оронд нь могой өгөхгүй нь лавтай. Тийм биш гэж үү? 12Эсвэл хүү нь өндөг гуйвал, эцэг нь хилэнцэт хорхой өгөхгүй биз дээ? 13Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.
14Тэр хэлгүй чөтгөрийг зайлуулжээ. Чөтгөрийг гарч одоход хэлгүй байсан тэр хүн ярьж эхлэв. Олон түмэн ихэд гайхацгаажээ. 15Харин тэдний зарим нь
—Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр чөтгөрүүдээ хөөн зайлуулдаг юм гэж байхад, 16зарим нь Түүнийг сорихын тул тэнгэрээс тэмдэг үзүүл гэж Түүнээс шаардаж байлаа. 17Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд ийн хэлэв.
—Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Гэр бүл дотроо хуваагдвал унана. 18Хэрэв Сатан өөрийн эсрэг хуваагдвал, түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар Намайг Беелзебулээр чөтгөрүүдийг зайлуулдаг гэж байна. 19Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчид болно. 20Харин хэрвээ Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. 21Бүрэн зэвсэглэсэн, хүчтэй эр эдлэн газраа хамгаалбал, өмч хөрөнгө нь амар тайван байна. 22Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно. 23Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн. 24Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч, юуг ч эс олох үед “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэдэг. 25Буцаж ирэхэд нь түүнийг шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг. 26Тэгээд тэр явж, өөрөөсөө дор өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог гэж айлдав.
27Түүнийг эдгээр зүйлсийг айлдаж байхад нь олны дундаас нэгэн эмэгтэй Түүнд
—Таныг тээсэн хэвлий, Таныг торниулсан хөх нь ерөөлтэй еэ! гэж чанга дуугаар хэлэв. 28Харин Тэр
—Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! гэжээ.
29Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр
—Энэ үеийнхэн бол хорон муу үеийнхэн юм. Тэд тэмдгийг хайдаг боловч, Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй. 30Учир нь Иона ниневечүүдэд тэмдэг болсончлон, Хүний Хүү ч бас энэ үеийнхэнд тэмдэг болно. 31Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос агуу зүйл байна. 32Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас ч агуу зүйл байна.
33Хэн ч дэнлүүг асаагаад далд газар юмуу эсвэл савны доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл үзүүлэхийн тулд түүнийг дэнлүүний суурин дээр тавьдаг. 34Биеийн чинь дэнлүү бол чиний нүд мөн. Нүд чинь цэвэр байвал бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байна. Харин муу байвал, бүтэн бие чинь мөн харанхуйгаар дүүрэн байна. 35Иймээс өөрт чинь байгаа гэрэл нь харанхуй байхаас сэрэмжил. 36Хэрэв чиний бие бүхэлдээ гэрлээр дүүрэн бөгөөд өчүүхэн төдий ч харанхуйгүй бол, энэ нь дэнлүү чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг шиг бүхэлдээ гэрэлтэх болно гэв.
37Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисай хүн Түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув. 38Түүнийг заншил ёсоор хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйг харсан мөнөөх фарисай хүн ихэд гайхжээ. 39Харин Эзэн түүнд
—Фарисайчууд та нар аяга, тавагныхаа гаднахыг цэвэрлэдэг ч, харин та нар дотроо хулгай дээрэм, хар санаагаар дүүрэн байдаг. 40Мунхгууд аа, гаднахыг хийсэн Тэр доторхыг мөн хийгээгүй гэж үү? 41Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг, тэгвэл бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно. 42Гэвч фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, сүлүү, төрөл бүрийн ногооныхоо аравны нэгийг өргөдөг атлаа Бурханы хайр, шударга байдлыг үл ойшоодог. Чухамдаа эдгээр нь та нарын бусдыг нь орхигдуулалгүйгээр биелүүлэх ёстой байсан зүйл юм. 43Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар синагогт тэргүүн суудалд залрах, зах дээр мэндлүүлж, хүндлүүлэх дуртай. 44Та нар золгүй еэ! Учир нь та нар үл харагдах булшнууд адил, дээгүүр нь алхаж буй хүмүүс үүнийг мэддэггүй гэв.
45Хуульчдын нэг нь Түүнд
—Багш аа, Та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлон гутааж байна гэхэд 46Тэр
—Хуульчид та нар мөн золгүй еэ! Учир нь та нар үүрэхэд бэрх ачаагаар хүмүүсийг дардаг хэрнээ өөрсдөө ганц хуруугаа ч ачаанд хүргэдэггүй. 47Та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн булшийг барьж босгодог ч тэднийг та нарын өвөг дээдэс хөнөөсөн. 48Ингэхлээр та нар өвөг дээдсийнхээ үйлсийг батлан гэрчлэгчид мөн. Өвөг дээдэс чинь тэднийг хөнөөсөн тул, та нар тэдний булшийг босгож байна. 49Иймээс ч Бурханы мэргэн ухаан нь “Би тэдэнд эш үзүүлэгч, элч нарыг илгээнэ. Тэд тэдний заримыг ална, заримыг нь хавчина. 50Энэ нь дэлхийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм. 51Абелынхаас авахуулаад, Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно” гэсэн юм. 52Хуульчид та нар золгүй еэ! Юу гэвэл та нар мэдлэгийн түлхүүрийг авсан хэдий ч өөрсдөө орсонгүй. Тийш орогсдод ч та нар саад болсон гэв. 53Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам бүр олон зүйлийг асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа. 54Тэд Түүний эсрэг хуйвалдацгаан, үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг юу хэлэхийг нь анаж байв.

Одоогоор Сонгогдсон:

ЛУК 11: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

ЛУК 11-д зориулсан видео