ЛУК 1:57-66
ЛУК 1:57-66 АБ2004
Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв. Эзэн түүнд агуу өршөөлөө үзүүлснийг хөршүүд нь болон төрөл садангууд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа. Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийн хөвчийг хөндөхөөр ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь түүний эх —Үгүй, тэр Иохан гэж дуудагдах болно гэв. Тэд түүнд —Чиний төрөл садан дотор ийм нэртэй хүн ер байхгүй шүү дээ гээд, эцгээс нь хүүг хэн гэж нэрлэхийг хүсэж байгааг нь дохио зангаагаар асуухад, Захариа самбар гуйж, дээр нь «Хүүгийн нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров. Тэр даруй түүний хэл, ам нь нээгдэн, Бурханыг магтан ярьж эхлэв. Тэдний эргэн тойронд амьдардаг бүх хүмүүс айдаст автаж, Иудейн бүх уулархаг нутгаар энэ бүхний тухай яриа болж байлаа. Үүнийг сонссон бүхэн бодол санаандаа хадгалж —Энэ хүүхэд тэгвэл юу болох бол? гэцгээж байв. Учир нь Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа.