ЛУК 1:3-80

ЛУК 1:3-80 АБ2004

бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд түүнийг дэс дараалан бичиж өгөх нь надад бас зохистой санагдлаа, эрхэм хүндэт Теофил минь. Энэ нь танд заасан зүйлсийн талаарх гарцаагүй үнэнийг танд таниулахын тулд юм шүү. Иудейн хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр нь Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв. Тэд хоёулаа Эзэний аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурханы өмнө зөвт байлаа. Елизабет хүүсэр байсан учир тэд үр хүүхэдгүй байв. Тэгээд ч тэд хоёулаа өтөлсөн байв. Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ. Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд таарсан байна. Утлага уугиулах цагт, цугларсан олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ. Эзэний тэнгэр элч утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь түүнд үзэгдэв. Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ. Харин тэнгэр элч түүнд хандан —Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно. Чи баяр жаргалтай болж, олон хүн түүнийг төрөхөд баясна. Учир нь тэр Эзэний өмнө агуу болох бөгөөд дарс, эсвэл согтоох ундааг хэзээ ч амсахгүй. Эхийнхээ хэвлийд байхдаа ч Ариун Сүнсээр тэр дүүрэн байх болно. Тэр Израилийн хөвгүүдээс олныг Бурхан Эзэнд нь эргүүлэн хандуулах болно. Эцгүүдийнх нь зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүй нэгнийг зөвт хүмүүсийн мэргэн ухаанд буцаахын тулд Эзэний өмнө Елиагийн хүч болоод сүнс дотор явна. Тийнхүү Эзэний төлөө бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгох юм гэжээ. Захариа тэнгэр элчид —Би үүнийг хэрхэн мэдэх билээ? Би хөгшин хүн, эхнэр маань ч өтөлсөн гэхэд, тэнгэр элч хариуд нь түүнд —Би бол Бурханы оршихуйд зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайн мэдээг чамд авчирч өгөн, чамд хэлэхээр илгээгдсэн юм. Харагтун, цаг нь болохоор биелэгдэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээр нь биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй болж, ярьж чадахгүй гэлээ. Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа. Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгов. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан ба тийнхүү хэлгүй хэвээр хоцров. Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад, тэр гэртээ харив. Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж, — Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн над уруу таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээн өгсөн нь энэ ажээ гэв. Тэнгэр элч Габриелыг Бурхан Галилын Назар хот уруу зургадугаар сард илгээсэн ажээ. Габриел Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. Орж ирээд тэнгэр элч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар бодож цэгнэв. Тэнгэр элч түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы ивээлийг олжээ. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй байна гэсэнд, Мариа тэнгэр элчид —Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд тэнгэр элч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно. Үзэгтүн, чиний садан Елизабет мөн өтөл насандаа хүүтэй болж, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй одоо зургаан сартай. Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв. Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэр элч түүнийг орхин одлоо. Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. Елизабет Мариагийн мэндийг сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдлөв. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, чанга дуугаар хашхиран —Эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтэй нь чи мөн. Хэвлий дэх үр чинь ерөөлтэй еэ! Эзэний минь эх над дээр ирж яаж болох билээ? Харагтун, мэндийн дуу чинь миний чихнээ сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй ерөөлтэй еэ! хэмээв. Мариа —Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэ, сүнс минь ч миний Аврагч Бурханд баяссан. Учир нь Эзэн шивэгчнийхээ даруу байдлыг харав. Харагтун, энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг ерөөлтэй гэж тооцох болно. Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв. Түүний нэр ариун билээ. Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно. Тэр Өөрийн мутраар хүчит үйлсийг бүтээж, зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тараасан билээ. Удирдагчдыг сэнтийнээс нь буулган, даруу байгсдыг Тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц болох Израильд Тэр туслан, өршөөлөө дурсаж, бидний эцэг өвгөдөд айлдсанчлан, Абрахамыг болоод үр удмыг нь үүрд өршөөнө гэжээ. Мариа Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа. Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв. Эзэн түүнд агуу өршөөлөө үзүүлснийг хөршүүд нь болон төрөл садангууд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа. Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийн хөвчийг хөндөхөөр ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь түүний эх —Үгүй, тэр Иохан гэж дуудагдах болно гэв. Тэд түүнд —Чиний төрөл садан дотор ийм нэртэй хүн ер байхгүй шүү дээ гээд, эцгээс нь хүүг хэн гэж нэрлэхийг хүсэж байгааг нь дохио зангаагаар асуухад, Захариа самбар гуйж, дээр нь «Хүүгийн нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров. Тэр даруй түүний хэл, ам нь нээгдэн, Бурханыг магтан ярьж эхлэв. Тэдний эргэн тойронд амьдардаг бүх хүмүүс айдаст автаж, Иудейн бүх уулархаг нутгаар энэ бүхний тухай яриа болж байлаа. Үүнийг сонссон бүхэн бодол санаандаа хадгалж —Энэ хүүхэд тэгвэл юу болох бол? гэцгээж байв. Учир нь Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа. Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн, —Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Юу гэвэл Тэр бидэн уруу ирж, Өөрийн ард түмний төлөөх золилтыг гүйцээсэн. Өөрийн зарц Давидын гэрт бидний төлөөх авралын эврийг босгов. (Тэр эртнээс ариун эш үзүүлэгчдийнхээ амаар дамжуулан айлдсанчлан) Энэ нь дайснуудаас маань болоод биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд эцэг өвгөдөд минь өршөөл үзүүлж, Өөрийн ариун гэрээгээ дурсахын тулд юм. Тэр гэрээ нь бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг бөгөөд дайснуудын гараас авраад, айдас түгшүүргүйгээр бид бүх өдрүүдийнхээ турш Түүний өмнө ариун болоод зөвт байдал дотор Түүнд үйлчлэхийн тулд болой. Хүү, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдана. Учир нь чи Түүний замыг бэлдэхийн тулд Эзэний өмнө явах болно. Энэ нь Түүний ард түмэнд авралын мэдлэгийг нүглүүдийнх нь уучлалаар өгөхийн тулд юм. Бидний Бурханы нигүүлсэнгүй өршөөлөөр Мандах нар нь дээрээс бидэнд айлчлан ирэх нь харанхуй ба үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, бидний хөлийг энх тайвны зам уруу чиглүүлэхийн тулд юм гэсэн ажгуу. Хүүхэд өссөөр, сүнсээр хүчирхэг болсон бөгөөд Израилийн өмнө гарч ирэх өдрөө хүртэл цөлд амьдрав.