ЛУК 1:26-55
ЛУК 1:26-55 АБ2004
Тэнгэр элч Габриелыг Бурхан Галилын Назар хот уруу зургадугаар сард илгээсэн ажээ. Габриел Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. Орж ирээд тэнгэр элч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар бодож цэгнэв. Тэнгэр элч түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы ивээлийг олжээ. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй байна гэсэнд, Мариа тэнгэр элчид —Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд тэнгэр элч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно. Үзэгтүн, чиний садан Елизабет мөн өтөл насандаа хүүтэй болж, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй одоо зургаан сартай. Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв. Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэр элч түүнийг орхин одлоо. Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. Елизабет Мариагийн мэндийг сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдлөв. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, чанга дуугаар хашхиран —Эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтэй нь чи мөн. Хэвлий дэх үр чинь ерөөлтэй еэ! Эзэний минь эх над дээр ирж яаж болох билээ? Харагтун, мэндийн дуу чинь миний чихнээ сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй ерөөлтэй еэ! хэмээв. Мариа —Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэ, сүнс минь ч миний Аврагч Бурханд баяссан. Учир нь Эзэн шивэгчнийхээ даруу байдлыг харав. Харагтун, энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг ерөөлтэй гэж тооцох болно. Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв. Түүний нэр ариун билээ. Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно. Тэр Өөрийн мутраар хүчит үйлсийг бүтээж, зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тараасан билээ. Удирдагчдыг сэнтийнээс нь буулган, даруу байгсдыг Тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц болох Израильд Тэр туслан, өршөөлөө дурсаж, бидний эцэг өвгөдөд айлдсанчлан, Абрахамыг болоод үр удмыг нь үүрд өршөөнө гэжээ.