ГАШУУДАЛ 4
4
1Алт юутай хар болж, цэвэр алт юутай их өөрчлөгдөв!
Гудамж бүрийн буланд нандин чулуунууд асгагдав.
2Сайн алтаар үнэлэгдэж байсан Сионы эрдэнэт хөвгүүд хэрхэн ваарчны гарын ажил болох шавар ваар мэт болов!
3Цөөвөр чононууд ч хүртэл хөхөө өгч, бэлтрэгүүдээ тэжээдэг.
Миний ард түмний охин цөл дэх тэмээн хяруул мэт харгис болов.
4Цангаснаас болж нялхсын хэл тагнайдаа наалдана.
Багачууд талх гуйх боловч хэн ч хувааж өгөхгүй юм.
5Амттаныг иддэг байсан хүмүүс гудамжнуудад хаягдана.
Нил ягаан бөс даавуу өмсдөг байсан хүмүүс үнсний сав тэвэрнэ.
6Учир нь миний ард түмний охины гэм буруу нь Содомын нүглээс ч үлэмж их юм.
Хормын дотор хөмрүүлэгдсэн Содом уруу ямар ч гар эргээгүй билээ.
7Түүний ариусгагдсан хүмүүс цаснаас ч цэвэр бөгөөд тэд сүүнээс ч цагаан байлаа.
Тэд биеэрээ шүрнээс ч илүү улаахан, өнгө нь индранил мэт байв.
8Тэдний төрх нь хөөнөөс ч хар, гудамжинд ч танигдахгүй болов.
Тэдний арьс ясан дээр нь хорчийж, хатаж, мод мэт болжээ.
9Өлсгөлөнд үрэгдэгсдээс илдээр алуулагсад дээр ажээ.
Учир нь тэд талын үр жимс дутагдсанаас цохигдон, хатаж гандана.
10Өрөвч эмэгтэйчүүдийн гарууд өөрсдийн хүүхдүүдийг чанасан юм.
Миний ард түмний охины сүйрлийн улмаас хүүхдүүд нь тэдний хоол болов.
11ЭЗЭН Өөрийн хилэнг гүйцэлдүүлж, Өөрийн догшин хилэнг асгав.
Тэрээр суурийг нь түймэрдсэн галыг Сионд тавьжээ.
12Өстөн ба дайсан Иерусалимын дааман хаалгуудаар орно гэдэгт газар дэлхийн хаад ч,
Дэлхийн оршин суугчдын аль нь ч итгээгүй.
13Түүний дунд зөв шударга хүний цусыг урсгасан эш үзүүлэгчдийнх нь нүгэл болон тахилч нарынх нь гэм буруугаас болж
14тэд гудамжинд сохроор тэнүүчилнэ.
Хувцсанд нь хэн ч хүрч чадахааргүй болтол тэд цусаар бузарлагдсан байлаа.
15“Зайлагтун! Бузартсан” гэж тэд өөрсдийнхөө тухай хашхирав.
“Зайл, зайл, бүү хүр!” Тиймээс тэд зугтан, тэнүүчилнэ.
Үндэстнүүдийн дунд “Тэд цаашид амьдрах ёсгүй” гэлцэв.
16ЭЗЭНий оршихуй тэднийг тараасан бөгөөд Тэрээр тэднийг ойшоож үзэхээ болино.
Тэд тахилч нарыг үл хүндэтгэж, ахмадуудыг эс хайрлав.
17Тусламж ашиггүй байсан тул бидний нүд сүүмийв.
Аварч чадахгүй үндэстнийг бид харуулдан харж байсан билээ.
18Бид өөрсдийн гудамжнуудад алхаж чадахгүйн тулд тэд бидний алхааг отож байв.
Бидний төгсгөл ойртов.
Бидний төгсгөл ирчихсэн тул бидний өдрүүд дууссан байв.
19Биднийг мөшгөгчид тэнгэрийн бүргэдээс хурдан байлаа.
Тэд биднийг уулсын дээгүүр хөөж, биднийг цөлд отон хүлээв.
20“Түүний сүүдэр дор бид үндэстнүүдийн дунд амьдарна” хэмээн бидний хэлж байсан,
бидний хамрын амьсгал болох ЭЗЭНээр тослогдсон нэгэн тэдний нүхнүүдэд олзлогдов.
21Узын нутагт суудаг Едомын охин оо, баясан, баярлан хөөр!
Аяга чам уруу ч тойрон ирэх бөгөөд чи согтууран, өөрийгөө нүцэглэх болно.
22Сионы охин оо, гэм буруу чинь гүйцлээ.
Тэрээр чамайг цаашид цөлөхгүй.
Едомын охин оо, Тэрээр чиний гэм бурууг шийтгэх болно.
Тэрээр чиний нүглүүдийг дэлгэх болно!
Одоогоор Сонгогдсон:
ГАШУУДАЛ 4: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society