ИОШУА 6:12-27

ИОШУА 6:12-27 АБ2004

Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав. ЭЗЭНий авдрын өмнө долоон хуцын эврэн бүрээг авч явагч долоон тахилч урагш явж бүрээгээ хүнгэнүүлэв. Тэд бүрээгээ үлээн дуугаргах зуур зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав. Тийнхүү хоёр дахь өдөр тэд хотыг нэг тойрон алхаад, хуарандаа буцаж ирсэн. Тэд үүнийг зургаан өдөр гүйцэтгэв. Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх аргаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ. Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд хандан —Хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн. Энэ хот хорион дор байх болно. Хот болон доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Зөвхөн янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн амьд үлдэнэ. Учир нь тэр бидний явуулсан туршуулуудыг нуусан билээ. Харин та нарын хувьд гэвэл, хориглогдсон зүйлсэд шунаж тэдгээрээс аваад, Израилийн хуаранг хараагдахад хүргэж, дээр нь гамшиг зовлон авчрахаас сэрэмжил. Харин бүх алт, мөнгө, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэд бүгд ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ. Тийнхүү ард олон хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод, маш чангаар уухайлсанд, хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав. Тэд хотод буй бүхнийг, тухайлбал эр эм, хөгшин залуу гэлгүй мөн шар ба илжигнүүдийг нь илдний ирээр хүйс тэмтрэв. Иошуа уг нутгийг тагнасан хоёр хүнд хандан —Янхан эмийн гэрт очиж, түүнд амласныхаа дагуу тэр эмэгтэйг болон түүнд хамаарагдах бүхнийг тэндээс авчир гэлээ. Ингээд туршуулууд байсан залуучууд дотогш орж, Рахаб болон түүний эцэг эх, ах дүү нарыг хийгээд түүнд байсан бүхнийг авч ирэв. Тэд мөн түүний бүх хамаатнуудыг авчирж, Израилийн хуарангийн гадна талд байрлуулав. Тэд хотыг доторх бүх зүйлтэй нь галдан шатаав. Зөвхөн алт мөнгө болон хүрэл төмөр зүйлсийг тэд ЭЗЭНий гэрийн эрдэнэсийн санд хийв. Харин янхан эм Рахаб, түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Иошуа хэлтрүүлэв. Иерихог тагнахаар Иошуагийн илгээсэн хоёр туршуулыг нуусан учраас тэр Израилийн дунд өнөөг хүртэл амьдарсан юм. Тэр үед Иошуа тэдэнд тангараглан —Иерихо хотыг босгон барьсан хүн ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно гэв. Ийнхүү ЭЗЭН Иошуатай хамт байж, түүний алдар цуу нь тэр нутаг даяар тархав.

Video for ИОШУА 6:12-27

ИОШУА 6:12-27 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв