ИОШУА 6:1-20

ИОШУА 6:1-20 АБ2004

Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч орж, гарахгүй байв. ЭЗЭН Иошуад —Хар, Би Иерихог хаантай нь хийгээд эрэлхэг дайчидтай нь хамт чиний гарт өгч байна. Та нар буюу бүх цэрэг эрс хотыг нэг удаа тойрон алх. Үүнийг зургаан хоног хий. Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн. Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэхэд, та нар бүрээний дууг сонсохдоо, бүх хүмүүс маш чангаар хашхиралдах ёстой. Хотын хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ дайрагтун гэлээ. Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан —Гэрээний авдрыг ав. Долоон тахилчид долоон хуцын эврэн бүрээг бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв. Тэгээд тэр ард олонд —Урагшаа явж, хотыг тойрон алхагтун. ЭЗЭНий авдрын өмнө зэвсэглэсэн эрчүүдийг явуул гэж тушаав. Иошуаг ард түмэнд хандан үгээ хэлсний дараа ЭЗЭНий өмнө долоон хуцын эврэн бүрээ барьсан долоон тахилч урагшлан бүрээгээ хүнгэнүүлэв. ЭЗЭНий гэрээний авдар тэднийг дагалаа. Зэвсэглэсэн эрчүүд бүрээ үлээж байсан тахилч нарын өмнө явж, тэднийг хүнгэнүүлэн байх зуур арын хамгаалагчид авдрын ард явлаа. Харин Иошуа хүмүүст тушаан хэлэхдээ —Намайг “Хашхир” гэж хэлэх тэр өдрийг хүртэл та нар хашхирч ч, дуугаа сонсгож ч мөн амнаасаа үг гаргаж ч болохгүй. Харин тэр үед хашхирагтун гэлээ. Ингээд ЭЗЭНий авдар хотыг нэг удаа тойров. Тэгээд тэд хуарандаа буцан ирж, тэндээ шөнийг өнгөрөөв. Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав. ЭЗЭНий авдрын өмнө долоон хуцын эврэн бүрээг авч явагч долоон тахилч урагш явж бүрээгээ хүнгэнүүлэв. Тэд бүрээгээ үлээн дуугаргах зуур зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав. Тийнхүү хоёр дахь өдөр тэд хотыг нэг тойрон алхаад, хуарандаа буцаж ирсэн. Тэд үүнийг зургаан өдөр гүйцэтгэв. Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх аргаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ. Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд хандан —Хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн. Энэ хот хорион дор байх болно. Хот болон доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Зөвхөн янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн амьд үлдэнэ. Учир нь тэр бидний явуулсан туршуулуудыг нуусан билээ. Харин та нарын хувьд гэвэл, хориглогдсон зүйлсэд шунаж тэдгээрээс аваад, Израилийн хуаранг хараагдахад хүргэж, дээр нь гамшиг зовлон авчрахаас сэрэмжил. Харин бүх алт, мөнгө, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэд бүгд ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ. Тийнхүү ард олон хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод, маш чангаар уухайлсанд, хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав.

Video for ИОШУА 6:1-20

ИОШУА 6:1-20 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв