ИОШУА 5
5
1Иорданы чанадад баруунтайд орших Аморийн бүх хаад, мөн далайн эргийн дагуух Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод, зүрх нь мохож, Израилийн хөвгүүдээс болж сүнс сүлд нь арилав.
2Тэр үед ЭЗЭН Иошуад
—Өөртөө цахиур хутгануудыг хийж, Израилийн хөвгүүдэд хоёр дахь удаа хөвч хөндөх ёслол хий гэлээ. 3Тэгэхэд нь Иошуа цахиур хутганууд хийн, Гибеат-хааралотод Израилийн хөвгүүдийн хөвчийг хөндөв. 4Иошуа тэдний хөвчийг хөндсөний учир юу гэвэл Египетээс гарч явсан дайтах насны бүх эрчүүд Египетээс гарч явсныхаа дараа замдаа цөлд үхэцгээсэн юм. 5Учир нь гарч явсан хүмүүс бүгд хөвч хөндүүлсэн байсан боловч Египетээс гарч явсны дараах аян замд, цөл газарт мэндэлсэн бүх хүн хөвч хөндүүлээгүй байлаа. 6Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий үгийг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр тэдний эцэг өвгөдөд ЭЗЭНий амласан сүү болон балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ. 7Харин тэдний оронд ЭЗЭНий босгосон хүүхдүүдэд нь Иошуа хөвч хөндөх ёслол үйлджээ. Учир нь тэд замын туршид хөвч хөндүүлээгүй байв. 8Үндэстэн бүхлээрээ хөвч хөндүүлж дууссаны дараа эдгэртлээ хуарандаа байв. 9Дараа нь ЭЗЭН Иошуад
—Өнөөдөр Би та нараас Египетийн зэмлэлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газрын нэр өнөөг хүртэл Гилгал гэгддэг юм. 10Израилийн хөвгүүд Гилгалд буудаллаж байх зуураа уг сарын арван дөрөвний өдрийн орой Иерихогийн тал газарт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэв. 11Дээгүүр Өнгөрөх баярын дараагийн өдөр нь тэд газрын үр шим, исгээгүй талх болон хуурсан үр тариа идэв. 12Тэд газрын үр шимээс хүртсэний дараа өдөр нь манна дууссан бөгөөд Израилийн хөвгүүд дахин маннаг авсангүй. Харин тэр жилийн туршид тэд Канаан нутгийн ургацаас хүртэв.
13Иошуа Иерихогийн ойролцоо байх үед нүдээ дээш өргөн хартал, эсрэг талд нь сэлмээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн уруу очин, түүнээс
—Та бидний талд уу, манай дайсны талд уу? гэж асуусанд 14тэр
—Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Иошуа нүүрээрээ газарт унан мэхийж, түүнд
—Миний эзэн өөрийн зарцдаа юу хэлэхсэн бол? гэж асуулаа. 15ЭЗЭНий дайчдын жанжин Иошуад
—Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.
Одоогоор Сонгогдсон:
ИОШУА 5: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society