ИОХАН 5:31-47

ИОХАН 5:31-47 АБ2004

Хэрэв Би Өөрийнхөө тухай ганцаараа гэрчилбэл, Миний гэрчлэл үнэн биш байна. Намайг гэрчлэгч өөр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ. Та нар Иохан уруу хүн илгээхэд, үнэний тухай тэр гэрчилсэн билээ. Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй, харин Би эдгээрийг хэлж байгаа нь та нарыг аврагдаасай гэсэнд юм. Иохан бол асаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар түүний гэрэлд түр зуур баярлахыг хүсэж байсан. Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Учир нь Эцэгийн биелүүл хэмээн Надад өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээснийг буюу Миний тухай гэрчилдэг. Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, Түүний дүр төрхийг ч хараагүй. Түүний илгээсэн Хүнд та нар итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй. Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй. Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй. Харин та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би мэднэ. Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж аваагүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл, та нар түүнийг хүлээн авна. Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биеэсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж та нар яаж итгэж чадах юм бэ? Эцэгийн өмнө Би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нарыг буруутгагч бол та нарын найдвараа тавьсан Мосе мөн. Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж Миний үгэнд итгэх билээ? гэж айлдлаа.