ИОХАН 5:19-30

ИОХАН 5:19-30 АБ2004

Есүс тэдэнд хандан —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлийг түүнчлэн хийдэг. Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр Өөрийн хийж байгаа бүхнийг Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ. Учир нь Эцэг үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн, Хүү нь бас Өөрийн хүссэн хүнд амь өгдөг. Учир нь Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонсогчид нь амьдрах болно. Учир нь Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Тэр Хүүдээ соёрхжээ. Тэр бол Хүний Хүү мөн тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв. Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ. Би Өөрийн санаагаар юуг ч үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд Миний шүүлт шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг.