ИОХАН 2:1-11

ИОХАН 2:1-11 АБ2004

Гуравдугаар өдөр Галилын Кана хотод нэгэн хурим болоход Есүсийн эх тэнд байв. Есүс болон шавь нар нь бас хуриманд уригдсан байлаа. Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд —Тэд дарсгүй болов гэлээ. Есүс —Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ. Эх нь зарц нарт хандан —Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв. Тэнд хоёр эсвэл гурван метретас багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ. Есүс тэдэнд —Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд торхнуудыг амсарт нь хүртэл дүүргэв. Есүс —Одоо утгаад найрын ахлагчид аваачиж өг гэсэнд, тэд аваачиж өгөв. Найрын ахлагч дарс болсон усыг амсаад, тэр дарс хаанаас бий болсныг мэдээгүй учир (харин ус утгасан зарц нар мэдэж байв) шинэ хүргэнийг дуудаж, түүнд —Хүн бүр эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв. Есүс Өөрийн тэмдгүүдийн эхлэлийг Галилын Кана хотод үйлдэж, алдраа илэрхийлсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна